Барууны орнууд Украинд цэргээ оруулах уу?
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
Орос Украины дайн сунжирсаар байгаа энэ цаг үед Украин улсад цэрэг оруулах, Оросын эх газарт цохилт өгөх тухай яриа Европын орнуудын дунд өрнөсөөр байна. Тухайлбал Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украин руу цэргээ илгээх боломжийн талаарх асуултад “Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг мэдэхгүй ч Украинд цэрэг илгээх тухай асуудлыг үгүйсгэхгүй” гэжээ. Цаашлаад Латви, Литва, Эстони зэрэг Балтийн гурван улс ч цэрэг илгээх уриалгад нэгдсэн байна. Гурван улсын парламентын төлөөлөгчид 16-ны өдөр Эстонийн нийслэл Таллинд аюулгүй байдлын бага хурал хийх үеэрээ "Хэрэв дайны байдал эрс дордвол Оросын арми хил рүү ойртохыг хүлээхгүйгээр бид Украин руу цэргээ илгээх болно” гэж мэдэгдсэн байна. Мөн Европын холбооны түвшинд цэрэг илгээх тухай яриа хэлэлцээр үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн 28-ны өдөр Бельгийн нийслэл Брюссельд болсон Европын холбооны Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын дараа тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррель "Украины нутаг дэвсгэрт хэрхэн цэргийн сургуулилт явуулах талаар ярилцсан" гээд "Украин улс Барууны зэвсгээр Оросын эх газар руу довтлох нь дайны хуулийг зөрчихгүй" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байна.
НАТО ч мөн энэ талаар байр сууриа илэрхийлж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн 27-ны өдөр Болгарын нийслэл Софи хотноо болсон НАТО-гийн чуулган дээр "Бид Барууны зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт халдахыг хязгаарласан бодлогоо эргэн харах хэрэгтэй” гэжээ. Улмаар уг хязгаарлалтыг цуцлахыг уриалсан тунхаглал баталсан байна. Эдгээр яриа хэлэлцээний тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 28-ны өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр "Хэрэв Барууны орнууд Украинд цэрэг оруулахаар төлөвлөж байгаа бол мөргөлдөөн хурцдаж, дэлхийн III дайн дэгдэхэд нэг алхам ойртоно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.