Хятадад залуучуудын асрамжийн газар эрэлт ихтэй байна
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
Сүүлийн үед Хятадад өндөр настан төдийгүй 20-30 насны залуучуудыг хүлээн авдаг залуучуудын асрамжийн газар ихэд дэлгэрч байна. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, хятад залуус хамгийн бага зардлаар тав тух эдлэх боломжтой, зөвхөн залуучуудад зориулсан асрамжийн газарт олноор үйлчлүүлэх болжээ. Асрамжийн газар нь голчлон баар цэнгээний газар, кафе, караокены өрөөгөөр тохижуулж, тав тухтай орчныг дээд зэргээр бүрдүүлсэн байдаг аж. Ийм газрууд нэгдүгээр зэрэглэлийн хотуудад төдийгүй баруун өмнөд нутгийн Юннань зэрэг алслагдсан мужид хүртэл тархаж байна. Ихэнхдээ ажилгүйдэл, санхүүгийн бүтэлгүйтэл, сэтгэл гутралд орсон залуус үйлчлүүлдэг, хөтөлбөрийн дагуу өглөөд дуртай кофегоо ууж, дасгал хийх, бясалгал хийх, газар тариалан эрхлэх, загас барих, хоол хийх гэх зэргээр өдрийг өнгөрөөдөг ажээ. Орой нь задгай галын дэргэд цугларч ярилцах, дуулж бүжиглэх бөгөөд сарын төлбөр нь ойролцоогоор 1500 юань байна. Гэхдээ настайчууд шиг бүх насаараа энд суух биш, хэсэг хугацаанд амарч зугаацаж сэтгэл санаагаа өргөж аваад эргээд нийгмийн харилцаанд ордог гэнэ. Ийм асрамжийн газар ажиллуулдаг Сүн Ли хэлэхдээ "Залуучуудын асрамжийн газрын талаар цахимаар нийтэлснээс хойш өдөр бүр хэдэн зуун дуудлага, мессэж ирдэг болсон. Залуучууд ажил хөдөлмөрөөс ийм эрт залхах болсныг гайхаж байна” гэжээ. “Энэ үзэгдэл нь эдийн засгийн хямралаас үүдэн ажлын байр хомсдож, ажиллах хүсэлгүй залуучуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаа Хятад улсын нийгмийн байдлыг шууд харуулж байна” гэж “South China Morning Post” сонин дүгнэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.