Их Британи: Ажлаа хийж байхдаа хүнд гэмтсэн онгоцны үйлчлэгч нөхөн төлбөр авав
Анд нөхдийн мэдээ
2024-05-27
Таван жилийн өмнө ажлаа хийж байгаад хөлөө хугалснаас болж ажилгүй болсон Их Британийн онгоцны үйлчлэгчийн тухай “The Daily Mail” сонин мэдээллээ. 31 настай Эден Гарити 2019 оны наймдугаар сард нислэгийн үеэр хөлөө хугалж хүнд бэртэл авчээ. Тухайн үед Кубаас Английн Манчестер хотыг зорьж явсан “Thomas Cook Airlines” компанийн онгоц Атлантын далай дээгүүр нисч явахдаа агаарын хүчтэй урсгалд орсон байна. Энэ үед зорчигчдод үйлчилгээ үзүүлж явсан Э.Гарити хол шидэгджээ. Онгоц хэвийн болоход зорчигчид түүнийг хоосон суудалд суулгасан байна. Улмаар долоон цаг үргэлжилсэн нислэгийн дараа түүнийг эмнэлэгт хүргэхэд хөл нь шилбэ, шагайн хэсгээрээ хугарсан байв. Улмаар мэс засал, нөхөн сэргээх эрчимт эмчилгээ хийлгэсэн ч дээрдсэнгүй. Таван жил тууштай эмчлүүлсний эцэст хөл дээрээ боссон ч удаан зогсож чаддаггүй болсон байна. 2020 онд тэрбээр даатгалын компаниас нөхөн төлбөр нэхэмжилж авсан гэнэ. Нөхөн төлбөрийн тоог тодорхой дурдаагүй ч орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр багадаа 100 мянган паунд гэнэ. Гэсэн хэдий ч Э.Гарити “Энэ мөнгө миний алдагдсан цаг хугацаа, дуртай ажлыг минь эргүүлэн авчирж чадахгүй” гэжээ. Тэрбээр хуучин ажилдаа үнэнхүү дуртай, ажил мэргэжлээрээ бахархдаг байснаа The Daily Mail” сонинд ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.