images

Герман: Эммануэль Макрон Вестфалийн энх тайвны шагнал хүртэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-27


   Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Германд хийх гурван өдрийн төрийн айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Тэрбээр Берлинд очсоныхоо дараа Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзахдаа "Франц-Германы харилцаа бол Европ дахь чухал цэг, манай хоёр улс бол Европын гол цөм" хэмээн онцолсон тухай “DPA” агентлаг мэдээлэв. Э.Макрон тус улсын Үндсэн хууль батлагдсаны 75 жилийн ой, Зүүн Германы тайван хувьсгалын 35 жилийн ойн арга хэмжээнд оролцож, дараа нь Ф.Штайнмайерын оройн зоогт оролцохоор төлөвлөсөн байна. Тэрбээр 27, 28-ны өдрүүдэд Дрезден, Мюнстер хотуудад зочилж, технологийн шинэчлэл, Европын аюулгүй байдал зэрэг сэдвээр илтгэл тавьж, Европын интеграцчлалд хувь нэмэр оруулсан хүнд олгодог Вестфалийн энх тайвны шагнал хүртэх юм. Өргөтгөсөн дээд хэмжээний уулзалтад Э.Макрон, канцлер Олаф Шольц болон хоёр орны сайд нар оролцохоор төлөвлөсөн байна. Украинд цэргээ илгээх тухай ерөнхийлөгч Э.Макроны хэлсэн үг болон Германы санаачилсан Европын агаарын орон зайн хамгаалалтын төлөвлөгөө (ESSI)-нд Америк, Израилийн батлан ​​хамгаалахын байгууллагыг оролцуулах асуудлаар хоёр орон санал зөрөлдөөд байсан юм. Канцлер О.Шольц АНУ-д төвлөрсөн аюулгүй байдлын тогтолцоог чухалчилсаар байгаа бол Э.Макрон Европ АНУ-аас хараат байдлаа бууруулж, өөрийн батлан ​​хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.