images

АНУ: Хойд Солонгосын тагнуулчдын хэрэглэж байсан эд зүйлсийг нийтэд үзүүлж эхэллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-27


   АНУ-ын Вашингтон хотод байдаг Олон улсын тагнуулын музей өнгөрөгч долоо хоногоос эхлэн Хойд Солонгосын тагнуулч, хорлон сүйтгэгчдийн ашиглаж байсан эд зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Анх удаа нийтэд дэлгэж буй эд зүйлийн дотор хортой зүүгээр харвадаг үзэг, хэт ягаан туяаны камер, харилцаа холбооны бусад хэрэгсэл байгаа аж. Тагнуулын үйл ажиллагаатай холбоо бүхий арван мянга гаруй үзмэртэй энэ музей 2002 онд байгуулагджээ. Өнгөрсөн онд гэхэд музейг 690 мянган хүн үзэж сонирхсон байна. Үзмэрүүдээс хамгийн онцгой нь Хойд Солонгосын тагнуулчийн хэрэглэж байсан хорт зүүтэй үзэг юм. 2011 онд Хойд Солонгосын эсрэг ухуулах хуудас тараах ажлыг удирдаж байсан “Хойд Солонгосын эрх чөлөө” хөдөлгөөний тэргүүн Пак Сан Хакийн амийг хөнөөх гэж байгаад баригдсан Умардын тагнуулын ажилтан энэ үзгийг хэрэглэж байжээ. Гаднаасаа энгийн нэг үзэг мэт харагдавч дотор талдаа хошууны оронд хортой зүү суулгасан, үзгийг 3-4 удаа эргүүлээд оройн хэсэг дээр нь дарж хорт зүүгээр харвадаг аж. Зүү хүний биед зоогдоход хор ялгарч булчингууд саажин амьсгал боогдож, улмаар үхэлд хүргэдэг, 10 метр хүртэлх зайд байг онох чадалтай гэнэ. 1968 онд Өмнөд Солонгосын төрийн ордонд болсон зэвсэгт халдлагад энэ зүүг ашиглажээ. Дараа нь мөн 1990, 1995 онд хоёр удаа Өмнөд Солонгос руу илгээсэн Умардын тагнуул Ким Дун Шик энэ үзгийг ашиглаж байв. Музейд үүнээс гадна хортой уруулын будаг, нууц холбооны тоног төхөөрөмж, богино долгионы радио, кодын хүснэгт, хэт ягаан туяаны камер зэрэг онцгой үзмэрүүд дэлгэжээ. Үзэсгэлэнг гаргах болсон шалтгааны талаар музейн захиргаа тайлбарлахдаа "Солонгосын хойгийн хуваагдал, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн довтолгоогоор түрий барьсан түрэмгий бодлогод дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой" гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.