АНУ: Нохой тээвэрлэх зориулалттай нисэхийн компани байгуулагджээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-27
АНУ-д зөвхөн нохой тээвэрлэх зориулалт бүхий нисэхийн компани байгуулагдаж тасалбараа худалдаанд гаргасан нь тэр даруйдаа борлогдож дуусчээ. Нохойноос гадна эзэн нь сууж зорчих уг үйлчилгээг нэвтрүүлэх болсон шалтгаанаа "Bark Air" компани "Агаарын тээврийн компаниуд онгоцонд нохой оруулахаас татгалздаг, эсвэл зорчигчдоос тусад нь тээвэрлэдэг явдал аялагчдад тийм ч таатай байж чаддаггүй” хэмээн тайлбарлажээ. Компани нохойд зорчигчтой нэгэн адил үйлчилгээ үзүүлэх бөгөөд хөнгөн зууш, ундаа, чихний бөглөө зэргийг олгоно. Мөн нохойны биеийн овор хэмжээ, үүлдэрт хязгаарлалт тавихгүй боловч аюулгүй байдлын үүднээс хэд хэдэн нөхцөл заажээ. Юуны өмнө эзнийхээ үгэнд орох, дуулгавартай байх тал дээр нохойг сайтар сургасан байх ёстой. Мөн галзуу зэрэг амьтны гаралтай өвчний эсрэг вакцин хийлгэсэн бүртгэл, микрочип суулгасан гэрчилгээтэй байх шаардлагатай аж. Компани эхний ээлжинд Нью-Йорк-Лос Анжелес, Нью-Йорк-Лондон гэсэн хоёр чиглэлд нислэг үйлдэх бөгөөд тасалбарын үнэ нэг талдаа орон нутгийн нислэг 6000, олон улсын нислэг 8000, хоёр талдаа ойролцоогоор 12-16 мянган доллар байна. Үнэ нэлээд өндөр байгаа ч тийз зарагдаж дууссан төдийгүй нислэгийн тоог нэмэгдүүлэх 15 мянга гаруй хүсэлт ирсэн гэнэ. Гэхдээ эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ аажмаар буурна гэж "Bark Air" компани мэдэгдэв. Тэд ойрын үед Парис, Милан, Чикаго, Сиэтл рүү маршрут нэмэхээр төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.