images

Дональд Трампын амьдралаар кино хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-24


   АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын залуу насны амьдралыг харуулсан "The Apprentice" киног Каннын наадамд үзүүлсэн нь үзэгчдийн талархал хүлээсэн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Анх удаа олны хүртээл болж буй уг киног иран гаралтай Данийн найруулагч Али Аббаси бүтээжээ. Кинонд идэр залуу Д.Трамп Нью-Йорк хотноо үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавин амжилттай ажиллаж байсан 1970-1980 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн байна. Түүгээр үл барам 1992 онд салсан анхны эхнэр Ивана Трампад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийнх нь талаар хүртэл өгүүлжээ. Д.Трамп 1990 онд эхнэрээсээ салсан шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллийн асуудал байв. Тухайн үед Ивана шүүхэд гомдол гаргахдаа, нөхөр нь түүнийг шалан дээр түлхэн унагаж, үснээс нь зулгаан хүчээр бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдүүлсэн юм. Гэвч тэрбээр гэрлэлтээ цуцлуулсныхаа дараахан буюу 1993 онд өргөдөл гаргаж, урьдын мэдүүлгээсээ буцан, өөрийгөө хүчирхийлэлд өртөөгүй хэмээн тайлбарласан билээ. Тэрбээр "Надад хүйтэн хөндий ханддаг байсныг нь эмэгтэй хүнийхээ ​​хувьд хүндээр тусган авч “бэлгийн хүчирхийлэл" гэж тодорхойлсон минь алдаа байжээ” хэмээн мэдүүлсэн байдаг. Кинонд Д.Трампын дүрийг залуу жүжигчин Себастьян Стэн бүтээжээ. Киноны нээлтийн үеэр Д.Трампыг дуурайн хувцасласан үзэгчид улаан хивсний ёслол дээр зургаа авахуулж байв. "The Apprentice" кино АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн цаг үед олны анхаарлыг ихэд татаж энэ жилийн хамгийн дуулиантай киногоор тодроод байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.