Украины энх тайвны бага хурлын хамгаалалтад 4000 цэрэг ажиллана
Анд нөхдийн мэдээ
2024-05-24
Швейцар улс ирэх сард Украины энх тайвны бага хурлыг зохион байгуулахдаа аюулгүй байдлыг хангах үүднээс 4000 орчим цэргийн албан хаагчийг ажиллуулахаар болжээ. Холбооны Засгийн газар өчигдөр Нидвальден мужид цэргийн хүч байршуулах төлөвлөгөөг баталсан байна. Бага хурлын үеэр агаарын цэргийн хүчин Бургенсток орчмын агаарын орон зайг хянаж, арга хэмжээ болох газарт агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Украины энх тайвны бага хурал нь дэлхийн өнцөг булан бүрээс төрийн тэргүүнүүд цугларч Украины дайныг зогсоох асуудлыг хэлэлцэх арга хэмжээ юм. Маргааныг эвлэрүүлэн зуучлах арвин туршлагатай төвийг сахисан улс Швейцар энэ оны нэгдүгээр сард Украины хүсэлтийг хүлээн авч уг арга хэмжээг зохион байгуулахаар болсон билээ. Өнөөдрийн байдлаар Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Бельгийн Ерөнхий сайд Александр Дикро зэрэг 50 гаруй орны төлөөлөгчид оролцохоо илэрхийлээд байна. Харин бага хуралд ОХУ оролцохгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн Хятадын төлөөлөгч оролцох эсэх нь тодорхойгүй байна. Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхэрд "Энхтайвны бага хуралд Хятад болон бөмбөрцгийн өмнөд хагаст байрладаг орнуудын төлөөллийг оролцоосой гэж хүсч байна" хэмээн онцлон хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.