Хятад: Асар их хөрөнгөтэй нөлөөлөгч бүсгүйн цахим хаягийг хаасны учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-05-24
Хятад даяар асар их хөрөнгө, тансаг амьдралаараа гайхуулж алдаршсан, цахим орчинд дөрвөн сая гаруй дагагчтай Ван Хунчуаншин хэмээх бүсгүйн цахим сүлжээн дэх бүх хаягийг хаасан байна. “Douyin”, “Weibo”, “Xiaohongshu” болон бусад олон нийтийн сүлжээнд түүний цахим хаяг бүгд устаж, хайлт хийгээд ч гарч ирэхгүй байгаа аж. 1993 онд төрсөн Ван бүсгүй асар их баялгийнхаа талаар сайрхсан контентоороо олны танил болсон байна. Тэрбээр Бээжин дэх тансаг зэрэглэлийн орон сууцны хороололд долоон байшин эзэмшдэг, тэдгээрийн нэг болох хотын төвийн нэгэн харш нарны гэрэл сайн ордоггүй тул хоосон орхисон гэх зэргээр тансаг амьдралынхаа талаар олон нийтийн сүлжээнд нээлттэй мэдээлдэг байжээ. Мөн нэгэн ярилцлагадаа “Би 10 сая юанийн үнэтэй хувцас өмсөөгүй л бол гадуур гардаггүй” гэж хэлсэн нь шуугиан дэгдээж байв. Түүнийг энэ мэтээр олон нийтийн сүлжээнд зохисгүй авирласан гэх шалтгаанаар цахим хаягийг нь хаасан тухай “Douyin” мэдээлжээ. Өмнө нь буюу өнгөрсөн 15-ны өдөр “Douyin” зэрэг Хятадын олон нийтийн сүлжээний бүлэг хамтарсан мэдэгдэл гаргаж, хэт их тансаглал, эд баялгаараа гайхуулсан эрүүл бус контентод хориг тавина гэдгээ мэдэгдэж байв. Үүний дараа цахим сүлжээнээс олон контент устгасан байна. Энэхүү арга хэмжээ нь Хятадын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Хамтдаа баялаг сайхан амьдарцгаая” уриатай холбоотой бололтой. Сэнт Томасын их сургуулийн профессор Йе Яоюань “Америкийн дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа "Ийм хатуу арга хэмжээ авч байгаа нь хамтдаа тэгш сайхан амьдрах Хятадын төрийн бодлогыг зөрчсөнтэй холбоотой" гээд зарим хүн хэт их баярхаж, тансаглах нь нийгмийн доод давхаргын уур бухимдлыг төрүүлдэг болохыг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.