АНУ: 17 настай охин хамгийн залуу доктор болов
Анд нөхдийн мэдээ
2024-05-21
АНУ-ын иргэн 17 настай Дороти Жан Тиллман хэмээх бүсгүй Аризона мужийн их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд докторын зэрэг хамгаалсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард докторын диссертацаа бичиж дуусган зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар орж амжилттай хамгаалан тус улсын хамгийн залуу доктор болсон байна. Д.Тиллман бага наснаасаа эрдэм номд гарамгай байсан бөгөөд долоон настайдаа ахлах сургуулийн хөтөлбөрийг судалж дуусган их сургуулийн түвшний шалгалт өгсөн аж. Улмаар 10 настайдаа их сургуульд орж, хоёр жилийн дараа буюу 2018 онд Нью-Йорк хотын "Excelsior" их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж, хоёр жилийн дараа Мэйн мужийн "Unity" их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. 2021 онд тэрбээр Аризона мужийн их сургуульд биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах болсон бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ чиглэлээр мэргэшсэн хамгийн залуу эмч болжээ. Суралцах хугацаандаа хичээлийнхээ хажуугаар манлайллыг дэмжих STEAM гарааны компани байгуулжээ. STEAM бол шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик зэрэг олон төрлийн эрдэм шинжилгээний салбаруудыг нэгтгэсэн конвергенц боловсролын сургалт юм. Үүгээр дамжуулан тэрбээр Гана зэрэг Өмнөд Африкийн залуучуудад карьераа хөгжүүлэхэд нь тусалж байв. Нөгөө талаар Д.Тиллман нь Мартин Лютер Кингтэй хамт хүний эрхийн төлөө тэмцэж байсан Дороти Тиллманы ач охин бөгөөд түүнийг өдий зэрэгт хүрэхэд гэр бүлийнхэн нь онцгойлон анхаарч тусалсан тухай өөрөө ярьжээ. Саяхан 18 нас хүрсэн тэрбээр эрүүл мэндийн талаарх судалгаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.