images

Польш улс Орос, Беларусьтай залгаа хилийнхээ хамгаалалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-20


   Польш улс Орос болон Беларусь улстай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 10 тэрбум злотын хөрөнгө оруулалт хийж буйгаа мэдэгдэв. “Bloomberg News” агентлагийн мэдээлснээр, Краков хотод болсон Монтэ Кассиногийн тулалдааны 80 жилийн ойд зориулсан ёслол дээр тус улсын ерөнхий сайд Дональд Туск энэ тухай мэдэгдэж, зүүн хилээ бэхжүүлэх "Дорнын бамбай" төлөвлөгөөг зарласан байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай хил энхийн цагт аюулгүй, дайны үед бат бэх байгаасай” гэжээ. Монтэ Кассиногийн тулалдаан гэдэг нь 1944 оны нэгдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 18-ны хооронд Холбоотны цэрэг нацист Германы эсрэг хийсэн дөрвөн удаагийн байлдаан бөгөөд сүүлийн тулалдаанд Польшийн арми оролцон ялалт байгуулсан түүхтэй. Польшийн зүүн хил Беларусь, Украин, ОХУ-ын Калининградтай залгадаг. “Дорнын бамбай” төлөвлөгөөнд зааснаар цайз, хэрэм барих, мод тарьж ойжуулах, газар нутгийг өөрчлөх замаар хилийн хамгаалалтыг бэхжүүлэх аж. Орос улс Украин руу довтолсны дараа Польш хилийн хамгаалалтаа сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд АНУ, Өмнөд Солонгосоос зэвсэг техник авч, армийн бие бүрэлдэхүүнээ зузаатгахын зэрэгцээ батлан ​​хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьд хүргэсэн нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Краков хотод болсон ёслол дээр Д.Туск хэлсэн үгэндээ "Польш улс үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн хэнд ч болов хариуг нь эрс хатуу барина" гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.