Хятад: 78 настай бүжигчин эмэгтэйн амжилтын түүх
Анд нөхдийн мэдээ
2024-05-20
Тэтгэвэрт гарсныхаа дараа шонтой бүжгээр хичээллэж эхлээд, эдүгээ мэргэжлийн түвшинд хүрсэн 78 настай хятад эмэгтэй дунд насны эмэгтэйчүүдийн итгэл найдвар болж байгаа тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Энэ жил 78 настай Дай Дали Сычуань мужид номын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байгаад 64 настайдаа тэтгэвэрт гарсан байна. Ингээд гэртээ зүгээр суухын оронд бүжгийн дугуйланд явж эхэлсэн бөгөөд шонтой бүжгээр дагнан хичээллэх болжээ. Эхэндээ бие нь өвдөж булрах, гэмтэж бэртэх зэргээр амаргүй байсан ч бэрхшээлийг даван туулж чадсанаар мөрөөдөлдөө хүрсэн байна. Энэ тухайгаа тэрбээр "Нас ахих тусам булчингууд минь суларч, хүч тамир доройтсон ч олон жил уйгагүй оролдсоны үр дүнд ур чадвар сайжирч, бие чангарч илүү уян хатан болсон" хэмээн өгүүлжээ. Тэрбээр унтлагынхаа өрөөнд суулгасан 2.7 метр өндөр шонд өдөр бүр бэлтгэл хийдэг аж. Улмаар 70 настайдаа мэргэжлийн шонтой бүжгийн тэмцээнд оролцож түрүүлсэн байна. Мөн дэлхийд алдартай “Asia's Got Talent” нэвтрүүлэгт улсаа төлөөлөн оролцож, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд 2017 онд NBC телевизийн “Little Big Shot” реалити шоунд оролцож байв. Дай Дали одоо “Douyin” платформ дээр бүжгийн видео бичлэг нийтэлж дунд насны эмэгтэйчүүдэд туршлагаасаа хуваалцдаг ажээ. “Би зүгээр л сайхан өтлөхийг хүсдэг. Ямар ч байсан 80 нас хүртлээ бүжиглэнэ” гэж түүний ярьсныг “South China Morning Post” сонин өчигдрийн дугаартаа эш татсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.