images

Францчууд багэт талхны зурагтай марк гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-20


   Франц улс үндэстнийхээ идээ ундааны соёлын нэг бэлгэдэл болсон багэт талхыг шуудангийн марканд мөнхөлжээ. Тус улсын Шуудан холбооны газар багэт талхны үнэр, зураг бүхий маркийг цөөн тоогоор хэвлэн гаргасан тухайгаа өчигдөр мэдээлсэн байна. Марканд уг талхыг Францын төрийн далбааны өнгө болох цэнхэр, цагаан, улаан өнгийн туузаар боож чимэглэсэн байдалтайгаар дүрсэлжээ. Маркийг хурууны өндгөөр үрэхэд шинэхэн талхны үнэр гарах аж. Нийт 594 мянган ширхэг марк хэвлэсэн бөгөөд тус бүрийг 1.96 еврогоор худалдаж эхлээд байна. Шуудан холбооны газар цахим хуудсандаа "Багэт бол бидний өдөр тутмын хүнс, хоолны соёлын бэлгэдэл, соёлын үнэт эрдэнэ" хэмээн тайлбарлажээ. Багэт хийх аргыг Франц улс 2022 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн юм. Талхны амт хэн, яаж хийхээс шалтгаалж харилцан адилгүй байдаг тул жил бүр тус улсад сайхан амттай багэт шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багэтийг Елисейн ордонд хүргэдэг уламжлалтай. 2019 онд “Fiducial” агентлагийн хийсэн судалгаагаар Францад өдөрт 16 сая, жилд 6 тэрбум ширхэг багэт үйлдвэрлэдэг гэсэн тооцоо гарсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.