images

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Киев хотын бааранд гитартай дуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-15


   Украинд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа Киев хотын "Barman Dictat" баараар зочилж Канадын дуучин Нил Янгийн 1989 оны "Rockin' in the Free World" дууг гитар тоглон дуулжээ. Ингэхдээ тэрбээр хар цамц, жинсэн өмд өмссөн байсан бөгөөд орон нутгийн “19.99” хамтлагтай хамтаар тайзан дээр гарахад хамтлагийн ахлагч түүнийг "Украины үнэнч нөхөр" хэмээн танилцуулсан байна. Э.Блинкэн Украины ард түмэн амаргүй цаг үе туулж явааг тэмдэглээд “АНУ та нартай хамт, дэлхий дахин Украины талд байгаа” хэмээн хэлсэн байна. Түүнийг дуулахад бааранд байсан үйлчлүүлэгчид уухайлан дэмжиж даган дуулжээ. "Rockin' in the Free World" бол Берлиний хана нурахын өмнөхөн зохиогдож дэлхий даяар алдаршсан дуу юм. “Э.Блинкэн энэ дууг сонгосноороо Барууны ардчилал Оросын дарангуй дэглэмийн эсрэг тэмцэж байгааг илэрхийлэхийг зорьсон бололтой” хэмээн “The New York Times” сонин бичсэн байна. Э.Блинкэн рок хөгжимд ихээхэн дуртай бөгөөд 2021 онд "Rolling Stones" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Миний амьдралын утга учир бол хөгжим юм. “The Beatles” хамтлагийн "A Hard Day's Night" дууг аав ээж хоёрынхоо дуулахыг хүүхэд байхдаа сонсоод рок-н-роллд дурласан” хэмээн ярьж байв. Мөн тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Төрийн департаментад болсон “Global Music Diplomacy Initiative” ёслолын үеэр блюз хөгжмийн домог Мадди Уотерсийн “Hoochie Choochie Man” дууг гитартай дуулж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.