Ангела Меркелийн дурсамжийн ном хэвлэгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
Германы канцлер асан Ангела Меркель "Эрх чөлөө" нэртэй дурсамжийн номоо ирэх 11 дүгээр сард хэвлүүлэхээр болсон тухай “Deutsche Welle” телевиз мэдээлэв. 700 хуудастай уг бүтээлд түүний бага залуу нас, Зүүн Германд өнгөрүүлсэн 35 жил, мөн 1989 онд Берлиний ханыг нураасны дараах 35 жилийн улс төрийн үйл хэргийг өгүүлсэн байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Эрх чөлөө гэж юу вэ?” гэдэг асуулт миний амьдралын туршид байсаар ирсэн. Миний хувьд эрх чөлөө гэдэг нь өөрийнхөө хязгаарыг тодорхойлох, тэрхүү хязгаараа давахгүй байхыг хэлнэ” гэжээ. 1954 онд Баруун Германы Хамбург хотод төрсөн А.Меркель бага насандаа эцэг, эхийн хамтаар Зүүн Германд нүүж ирсэн юм. Залуудаа физикч эрдэмтэн байсан тэрбээр Герман улс нэгдсэний дараахан улс төрд орсон байна. Улмаар Бундестагийн гишүүн, Жендэрийн эрх тэгш байдал, залуучуудын асуудал эрхэлсэн сайд, Цөмийн энергийн сайдаар ажиллаж байгаад 2005 онд Германы анхны эмэгтэй канцлер болсон түүхтэй. 2021 он хүртэл 16 жил Засгийн газрыг толгойлсон түүнийг Германы эдийн засгийг сэргээж, Европын холбоог амжилттай удирдсан гэж үнэлдэг. Бүрэн эрхийнхээ хугацаанд А.Меркель Германы ард түмний өргөн дэмжлэгийг олж "Меркель эх" хэмээх алдрыг хүртсэн юм. Улс төрийн карьерынхаа туршид авлигын хэрэг, дуулиан шуугианд нэг ч удаа холбогдож байгаагүй тэрбээр Герман улс төдийгүй Европ даяар шударга удирдагчийн үлгэр жишээ болдог билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.