Япон: Автобус явдаггүй газар автобусны зогсоол байгуулсны учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
Японы хөдөөгийн жижиг хотод нэгэн эр цагийн хуваарь, тохилог сандал, саравч бүхий хуурамч автобусны зогсоол байгуулсан тухай “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Хуурамч гэдгийн учир нь энд ямар ч автобус ирэхгүй. Учрыг тодруулбал, уг зогсоолыг Миэ мужийн Мэйва хотын иргэн, ахмад настныг асрах ажил эрхэлдэг Хидэто Накамүра байгуулжээ. Буудлын самбар дээрх автобусны цагийн хуваарийн оронд “12 цагт өдрийн хоол”, “15 цагт хөнгөн зууш” гэхчлэн бичсэн байна. Мэйва хот 20 мянга орчим хүн амтай бөгөөд тэдний 30 хувь нь 65-аас дээш настнууд аж. Сүүлийн үед Альцхаймерийн эмгэгтэй өндөр настнууд "Гэртээ харина", "Ажилдаа явна" гэх мэтийн шалтгаан хэлж гэрээсээ гараад ямар ч хамаагүй автобусанд суух, эргээд гэрээ олохгүй байх, хаана суудгаа хүнд хэлж мэдэхгүй байх, араасаа хайлгах явдал олонтаа гарах болжээ. Тэгвэл автобусны хуурамч зогсоолыг Х.Накамүра тийм хүмүүст зориулан байгуулсан гэнэ. Автобус явахгүй тул буудалд ирсэн хүн тэндээ хэсэг саатна, энэ хооронд ар гэрийнхэн нь олж авах боломж гарна хэмээн тэрбээр үзсэн байна. “Сэтгэцийн эмгэгтэй өндөр настнууд манай дээр ирж “Ажилдаа явах унадаг дугуй өгөөч”, “Автобусны буудал хаана байна вэ?” гэдэг. Тиймээс тэднийг сатааруулах, улмаар ар гэрийнхэн нь олж авахад туслах зорилгоор ийм буудал байгуулсан” хэмээн Х.Накамүра ярьсан байна. Тэрбээр иргэдэд хандан “Автобусны буудалд өндөр настан сууж байвал та гэртээ харихад нь туслах, эсвэл холбогдох байгууллагад мэдэгдэнэ үү” хэмээн уриалж байна. Японд гэрээсээ төөрсөн өндөр настнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм. Цагдаагийн газрын мэдээлснээр, төөрсөн хөгшдийн тоо 2022 онд 18709 болсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж. Тэдний зарим нь ийн явж байгаад осолд орох, амь насаа алдах явдал их гардаг байна. Харин сүүлийн үед Мэйвад бий болсон хуурамч зогсоол үр дүнгээ өгч байгаа нь олны талархлыг хүлээж, энэ туршлагыг цаашид дэлгэрүүлэх талаар яригдаж эхэлжээ.
Зураг дээр: Хидэта Накамүра автобусны хуурамч буудал дээр ирээд унаа хүлээж буй өндөр настнуудтай ярилцаж байна. Гэрэл зургийн эх сурвалж: “Yomiuri Shimbun” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.