Билл Гэйтсийн өмнөх эхнэр “Bill & Melinda Gates” санг удирдахаа болив
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
“Мicrosoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн өмнөх эхнэр дэлхийн хамгийн том буяны сан болох “Bill & Melinda Gates Foundation” сангийн захирал Мелинда Гэйтс тус сангаас гарч, тусдаа буяны төсөл хэрэгжүүлэх болсноо мэдэгдлээ. Сангийн одоогийн удирдлага ажлаа үргэлжлүүлэн авч явж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр хэлээд, ажлаасаа гарах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Хүмүүнлэгийн үйлсийнхээ дараагийн шатанд шилжих цаг ирсэн байна" гэжээ. Улмаар "АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хамгаалах, хөгжүүлэхийн төлөө тэмцэж буй хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байна" гэсэн бөгөөд эмэгтэйчүүд, охидыг эрхийг хамгаалах үйлсэд 12.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа зарлав. 2021 оны тавдугаар сард гэрлэлтээ цуцлуулахдаа тэрбээр “Bill & Melinda Gates Foundation” сангаас гарах тохиолдолд Б.Гэйтсээс буяны төслүүдэд зориулах багагүй мөнгө авахаар тохиролцсон ажээ. Тэд 1994 онд гэрлэж, 2000 онд уг санг хамтран байгуулсан бөгөөд сангийн зөвхөн энэ жилийн төсөв гэхэд 8.6 тэрбум доллар байна. Гэйтсийн сан Африкт хумхаа өвчнийг устгах, Энэтхэг, Өмнөд Азид их хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр дэлхий даяар ядуурлыг арилгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарлаа хандуулсаар ирсэн юм. Харин Б.Гэйтс Мелиндаг үүсгэн байгуулагч, хамтрагчийн хувьд сангийн стратеги, үйл ажиллагааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд "Тэр сангаас гарч байгаа нь гунигтай байна. Гэхдээ ирээдүйн буяны үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт нь эргэлзэх юм алга” гэжээ. “Bloomberg”-ээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Б.Гэйтс 152.6 тэрбумын хөрөнгөөр тавдугаарт жагсаж байгаа бол Мелинда Гэйтс 13.3 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.