images

Хятад: Настай хөршөө 12 жил асарсан залуу сая долларын хөрөнгө өвлөн авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-14


   Хятадын Бээжин хотод төрж, насан туршдаа ганц бие амьдарсан өндөр настан Лю Ан бүх хөрөнгөө хөршдөө өвлүүлэхээр гэрээсэлсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. 1930 онд төрсөн Лю багадаа эцэг эхээ алдсан бөгөөд гэр бүл зохиолгүй ганц бие амьдарч иржээ. Нас ахих тусам халамж хэрэгтэй болсон тул 2011 онд харьяа хорооноосоо тусламж хүсэхэд, айл суудаг Ли хэмээх залууг түүнд танилцуулж өгсөн байна. Ли өндөр настныг эцэг шигээ халамжлан, төрсөн өдрөөр нь гэхэд л эхнэр хүүхдээ дагуулан гэрт нь ирж тэмдэглэж өгдөг байжээ. Хүүхдүүд нь Лю гуайг өвөө хэмээн дуудаж, эхнэр нь түүнийг усанд оруулах, хөл гарыг нь угаах зэргээр асардаг байсан аж. Энэ хооронд Лю гуайн байр дахин төлөвлөлтөд орж нураахад улсаас түүнд таван газар үл хөдлөх хөрөнгө олгожээ. Хятадын үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Anjuke” платформын мэдээлснээр, түүний бүх үл хөдлөх хөрөнгө нэг сая долларын үнэ хүрэх аж. Улмаар Лю овогт энэ бүх хөрөнгөө өөрийг нь асарч ирсэн Лигийн гэр бүлд гэрээслээд, өөрөө өнгөрсөн оны аравдугаар сард 93 насандаа таалал төгссөн байна. Өөд болсных нь дараа хөрөнгийг нь Ли өөрийн нэр дээр шилжүүлэх шүүхийн ажиллагаанд оролцоход хорооны оршин суугчид өндөр настныг үнэн сэтгэлээсээ харж ханддаг байсныг нь гэрчилжээ. Ли “Би хөрөнгө мөнгөний өчүүхэн ч ашиг сонирхолгүйгээр Лю гуайг 12 жил асарсан” хэмээн өгүүлсэн аж. Шүүх түүнийг бурхан болоочийн хөрөнгийг өвлөх бүрэн эрхтэй болохыг баталгаажуулсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.