Украины тэргүүн хатагтай Серби улсад айлчлав
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
Украины тэргүүн хатагтай Олена Зеленска өчигдөр Оросын уламжлалт холбоотон Серби улсад айлчлав. Сербийн “Tanjug” агентлагийн мэдээлснээр, О.Зеленскаг тус улсын тэргүүн хатагтай Тамара Вучич угтан авсан бөгөөд Украины тэргүүн хатагтай Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хамт Белградад айлчилж, хотын төвтэй танилцсан байна. Мөн Белградын их сургууль болон Киев хотын их, дээд сургуулиудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. 2022 онд Орос, Украины дайн эхэлснээс хойш Украины өндөр дээд албан тушаалтан Сербид анх удаа айлчилж байна. Үүнтэй холбогдуулан хатагтай О.Зеленскагийн айлчлал нь Серби улс уламжлал ёсоор түүх, шашин, улс төр, цэрэг армийн гүн гүнзгий харилцаатай явж ирсэн Оросоос хөндийрч байгаагийн илрэл гэж “Reuters” агентлаг онцолжээ. Ерөнхийлөгч А.Вучич засгийн эрхэнд гарснаас хойш тус улс Европын холбоонд нэгдэх зорилгоо худалдаа, хөрөнгө оруулалтын гол түншүүд болох Орос, Хятадтай харилцаагаа хадгалах зорилготой тэнцвэржүүлэхийг хичээж ирсэн юм. Тэр дундаа Сербийн Засгийн газар ОХУ-ын Украинд хийж буй түрэмгийллийг удаа дараа шүүмжилж байсан ажээ. Серби улс Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдээгүй ч Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, дүрвэгсдийг хүлээн авч, тусламжийн бараа илгээсээр ирсэн тухай тус агентлаг дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.