Пап лам Франциск: Хүүхэд тоглож байх ёстой газар эд хогшил овоорч байгаа нь гунигтай
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
Дэлхий даяар төрөлт багасаж буй асуудлыг авч хэлэлцсэн Ромын бага хуралд Пап лам Франциск өчигдөр оролцож үг хэлсэн байна. Европ тив улам бүр хөгширч, орчин ахуй нь доройтож байгааг тэрбээр анхааруулаад "Хүүхдүүд гүйж, тоглож байх ёстой газар байшин сав, эд хогшил овоорч байгаа нь гунигтай” гэжээ. Улмаар төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд гэр бүлд чиглэсэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхийг улс орнуудын Засгийн газарт хандан уриалав. Мөн зэвсгийн үйлдвэр, жирэмслэлтээс хамгаалах эмийн үйлдвэрлэл өнөөдөр дэлхий даяар хамгийн ашигтай бизнес болж байгааг анхааруулж, хүмүүс хүүхэд төрүүлэхийн оронд муур, нохой тэжээх болсныг шүүмжилжээ. Итали улсад өнгөрсөн онд төрөлтийн тоо 379 мянга болж буурсан нь 1861 онд тусгаар тогтнолоо зарласнаас нь хойшх хамгийн бага үзүүлэлт болсон юм. Өнөөдрийн байдлаар тус улсад төрөлтийн түвшин 1.20 байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн 38 орны дунд Өмнөд Солонгосын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт ажээ. Ерөнхий сайд Жоржиа Мелони төрөлтийн түвшин бага байгааг улс орны оршин тогтнолд заналхийлж буй ноцтой асуудал хэмээн тодорхойлж, арга хэмжээ авч эхэлсэн боловч бодитой үр дүн төдийлөн гарахгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.