АНУ: Цагийн ажил хийдэг бүсгүй үйлчлүүлэгчдээ талархах болсны учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
АНУ-ын Арканзас мужийн нэгэн "Старбакс"-т цагийн ажил хийдэг Кортни Кроуфорд хэмээх бүсгүй TikTok хуудсандаа "Манайхаар үйлчлүүлсэн нэгэн эмэгтэй үйлчлүүлэгчийг олж уулзмаар байна, туслаач" гэсэн дүрс бичлэг нийтэлжээ. Бичлэгтээ тэрбээр "Би өдөр бүр өглөөний 4 цагаас 10 цаг хүртэл ажилладаг. Өнөө өглөө нэлээд ядрангуй царайтай үйлчлүүлэгч орж ирсэн. Би тэр хүнд туслах, ядаж инээлгэх ёстой гэж бодоод чадах чинээгээрээ найрсаг харьцахад түүний нүүрэнд инээмсэглэл тодорсон” гээд “Үйлчлүүлэгч цайгаа уугаад гарахдаа манай менежерээр дамжуулан надад талархлын зурвас, бас 200 доллар өглөө” гэжээ. Үйлчлүүлэгч “Би ажлаар танай хотод ирээд хоёр хонож байна. Надад чин сэтгэлээсээ эелдэг хандсан анхны хүн чи байлаа. Чамаас би сэтгэлийн урам зориг авлаа” гэсэн зурвас үлдээсэн байв. Үүнд Кортни бүсгүй сэтгэл хөдлөн уйлж, хэдхэн сарын өмнө ээжийгээ алдаад шаналж явсан сэтгэлд нь нар гийсэн тухайгаа бичлэгт өгүүлсэн байна. Улмаар тэрхүү 200 доллароор зориулалтын сав худалдан авч ээжийнхээ чандрыг хийгээд, энэ жилийн эх үрсийн баярыг ээжтэйгээ хамт байгаагаас өөрцгүйгээр тэмдэглэнэ гэдгээ хэлжээ. Бичлэгийн төгсгөлд тэрбээр өөрт нь итгэл найдвар өгсөн үйлчлүүлэгчид хязгааргүй талархсанаа хэлж “Хэрэв та энэ бичлэгийг үзэж байгаа бол амьдралыг маань гэрэл гэгээтэй болгож өгснөө мэдээрэй. Би таныг хэзээ ч мартахгүй” гэжээ. Бичлэгийг цахим орчинд 3.8 сая гаруй удаа үзэж, CBS зэрэг телевиз эфиртээ цацсан байна. Кортни бүсгүй CBS телевизэд өгсөн ярилцлагадаа "Би тэр хүнтэй хэзээ нэгэн цагт дахин уулзана гэж найдаж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.