images

АНУ: Сургуулиас хөөгдсөн сурагчид шүүхээр цагаадав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-13


   АНУ-ын Калифорни мужийн Сэнт Фрэнсис ахлах сургуулийн сурагчид нүүрээ хараар будаж хар арьст хүн мэт харагдсаныхаа төлөө сургуулиас хөөгджээ. Гэвч сургуулиа шүүхэд өгсөн бөгөөд шүүх сурагчдын талд шийдвэр гаргаснаар тэд нэг сая гаруй долларын нөхөн төлбөр авсан байна. Гурван сурагчийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан гэх үндэслэлээр хөөхдөө Сэнт Фрэнсис сургуулийн удирдлага хууль зөрчсөн гэж шүүх үзжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу сурагч тус бүр сургуулиас 500 мянган долларын нөхөн төлбөр, мөн 70 мянган долларын сургалтын төлбөрийг буцаан авсан байна. Болсон явдлын талаар тодруулбал, 2017 онд сурагчид нүүрэндээ бараан өнгийн гоо сайхны бүтээгдэхүүн түрхэж толины өмнө зургаа авахуулжээ. Энэ зураг нь гурван жилийн дараа буюу 2020 онд олон нийтийн сүлжээнд цацагдсанаар тэднийг хар арьст хүмүүсийг доромжилсон хэмээн буруутгасан байна. Сурагчид анх нүүрээ будахад цайвар ногоон өнгөтэй байснаа аажимдаа хар ногоон болж хувирсан тухай олон удаа тайлбарласан ч тэднийг сургуулиас хөөжээ. Мөн тэд уг бүтээгдэхүүнийг батга арилгах маск байсан гэж мэдэгдсэн бөгөөд шүүх хурлаар ч энэ нь нотлогдсон байна. Сургууль сурагчдыг хөөх шийдвэр гаргахдаа тэдэнд тайлбар өгөх боломж олгоогүй, мөн нотлох баримтыг хангалттай судлаагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Харин сургуулийн зүгээс энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, давж заалдах талаар судалж байгаагаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.