Алексей Навальныйг Дрездений энх тайвны шагналаар нэхэн шагнав
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
Өнгөрсөн хоёрдугаар сард шоронд нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальныйг Дрездений энх тайвны шагналаар нэхэн шагнасан тухай DPA агентлаг мэдээлэв. Өчигдөр түүний эхнэр Юлия Навальная нөхрийнхөө нэрийн өмнөөс тус шагналыг гардан авахаар болсноо мэдэгджээ. Шагнал гардуулах ёслолд ХБНГУ-ын ерөнхийлөгч асан Иоахим Гаук мэндчилгээ дэвшүүлж, Оросын хөгжмийн зохиолч Сергей Невскийн А.Навальныйд зориулан зохиосон реквиемийг эгшиглүүлэх гэнэ. А.Навальный нь 2011 онд Авлигатай тэмцэх санг байгуулж, ерөнхийлөгч В.Путин болон Оросын өндөр албан тушаалтнуудын авлигыг тууштай илчилж ирсэн юм. Дрездений шагнал нь Германы Дрездений найрамдлын нийгэмлэгээс олон улсын энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулсан хүмүүст 2010 оноос олгож эхэлсэн шагнал ажээ. Өмнө нь энэ шагналыг ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачёв, Израилийн төгөлдөр хуурч Даниель Баренбойм, Америкийн гэрэл зургийн сурвалжлагч Жэймс Нахтвэй нар хүртэж байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.