Америк эр ач охиндоо хайхрамжгүй хандсан хэргээр баривчлагдав
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
АНУ-ын Калифорниа мужийн иргэн 54 настай Жэйсон Уоррен 7 настай ач охиноо асарч байхдаа хайхрамжгүй хандаж танихгүй хүнд даатгасан хэргээр баривчлагдсан тухай “The New York Post” сонин мэдээлэв. Тухайн үед тэрбээр согтуу байсан бөгөөд орон гэргүй 34 настай Лорен Жофф хэмээх эмэгтэйд 20 доллар өгч, ач охиноо ойролцоох дэлгүүрт дагуулж аваачин богино өмд, бас бус зүйл авч өгөхийг хүсчээ. Ингэснийхээ дараа өөрөө бааранд орж архи уусан байна. Л.Жофф түүний хүссэн ёсоор охинд эд зүйлийг нь авч өгөөд буцаж ирэхэд Ж.Уоррен согтуу байсан тул хүүхдийг цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулан очиж хамт тогложээ. Тэрбээр энэ тухайд “Эргэж ирэхэд тэр шал согтуу байсан тул архийг нь гартал хүлээх зуураа охиныг өөр тийш дагуулж явсан” гэж мэдүүлсэн байна. Хариуцлагагүй эр эрүүл болсон хойноо ач охиноо хулгайд алдсан хэмээн дуудлага өгснөөр цагдаагийн албан хаагчид нисдэг тэрэг, дрон дайчлан хүүхдийг нэн даруй хайж эхэлжээ. Энэ үед хүүхэд алга болсон тухай цагдаагийн мэдээлэл сонссон Л.Жофф охиныг цагдаагийн газар дагуулан очиж, болсон явдлыг ярьсан аж. Цагдаа нарын мэдээлснээр, хүүхдийн ээж ажилтай байсан тул Ж.Уоррен түүнийг харахаар үлдсэн ажээ. Цагдаа нар түүнийг хүүхэд асарч хамгаалахдаа хайхрамжгүй хандсан хэргээр баривчилж шүүхэд шилжүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.