Нөхөртөө түлхүүлж хадан цохионоос унасан ч эрүүл болж хөл дээрээ боссон хятад бүсгүйн түүх
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
Тайландад аялж явах үед нөхөр нь хадан хясаанаас түлхэн унагаснаас болж хүнд бэртсэн хятад эмэгтэй осолд орсон газраа таван жилийн дараа ирж аврагчдад талархал илэрхийлэв. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын бизнесмэн, 37 настай Ван Нуаннуан 2019 оны зургаадугаар сард нөхөртэйгээ Тайландын Патамын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж явах үед нөхөр нь түүнийг санаатайгаар түлхэн 34 метрийн өндөр хадан цохион дээрээс унагасан байна. Гурван сартай жирэмсэн байсан Ван маш хүнд бэртэн 17 яс нь хугарч, хэвлий дэх хүүхэд нь зулбажээ. Улмаар таван удаа хагалгаанд орсон ч суумгай болсон байна. Гэсэн ч итгэл найдвараа алдалгүй шаргуу эмчлүүлсээр хөл дээрээ босч чаджээ.
Ван бүрэн эдгэрч хөл дээрээ боссон хойноо буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Тайланд улсыг зорьж очсон гэнэ. Улмаар өөрийг нь аварсан аврах багийн ажилтнууд болон энэ хэргийг шалгаж шийдвэрлэсэн орон нутгийн цагдаа нарт талархал илэрхийлж хятад, тайланд хэлээр дурсгалын үгс хатгаж өөрөө урласан торгон дарцаг бэлэглэсэн байна. “Эрүүл болоод заавал энэ газарт ирж, амийг минь аварсан хүмүүст баярласнаа илэрхийлэх ёстой гэж олон жил бодож явлаа. Би одоо юунд ч гэмшиж харамсахгүй байна” гэжээ. Бүсгүйн нөхөр Лю Шаодун мөрийтэй тоглож өрөнд орсон бөгөөд өрөө төлөхийн тулд энэ хэргийг үйлдсэн нь тогтоогдсон юм. Анх 2015 онд Тайландад ирж, хатаасан манго жимсний худалдаа эрхлэх болсон Ван 2017 онд нэгэн үдэшлэг дээр Лю овогттой танилцаж хоёр сарын дараа гэрлэжээ. Айл гэр болоод удалгүй нөхөр нь эхнэрийнхээ олсон мөнгийг мөрийтэй тоглоомд алдах болов. Нэгэн өдөр нөхөр нь түүнийг өвөрмөц сонин хадан тогтцоороо алдартай Патамын цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, нар мандахыг хамтдаа харах санал тавьснаар тэд аялалд гарсан байна. Лю зорьсон газартаа ирэнгүүтээ эртний хадны сүг зураг үзүүлнэ хэмээн хадан хясааны ирмэг дээр ирээд эхнэрийнхээ хацар дээр үнссэнээ "Чи ямар нэгэн юманд харамсдаг уу?” гэж асуухад эхнэр нь “Үгүй” гэж хариулав. Гэтэл нөхөр нь “Тэгвэл одоо үх” гээд шууд түлхсэн байна. Бүсгүй өндрөөс унан хүнд бэртэж үхэл амьдралын зааг дээр байхад, замаасаа төөрсөн жуулчин тааралдаж тусламж дуудсанаар амьд гарчээ. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн хойно нөхөр нь ирж, гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд эхнэрийнхээ хажуугаас салалгүй сахиж, бас болсон явдлын талаар мэдэгдэхгүй байхыг ятгаж, сүрдүүлж байв. Улмаар эмчилгээ нь дуусаагүй байхад эхнэрээ эмнэлгээс гаргаж авахаар оролдсон гэнэ. Гэвч бүсгүй бүх үнэнийг дэлгэснээр цагдаа нар нөхрийг нь саатуулж шалгаад, шунахайн сэдлээр энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоож Тайландын шүүх түүнд 33 жил, 4 сарын хорих ял оноосон байна. Ван бүсгүй өнгөрсөн жил нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ.
Зураг дээр: Хадан хясаанаас унасан бүсгүйг Тайландын аврах албаныхан аварчээ. Гэрэл зургийн эх сурвалж: “Baidu”.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.