images

“Apple” компани зүй бус сурталчилгаа явуулсныхаа төлөө уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   “Apple” компанийн маркетинг, харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч Тор Майрон сурталчилгааны “Ad Age” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ загварын “iPad Pro”-ийн сурталчилгааны төлөө уучлалт гуйв. Улмаар уг сурталчилгааг телевизээр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн 7-ны өдөр тус компани "iPad Pro" шинэ загвар гаргаснаа мэдэгдэж "YouTube" сувагт бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг байршуулсан юм. Нэг минутын уг бичлэгт хүний ​​бүтээлч чадварыг илтгэсэн төгөлдөр хуур, LP тоглуулагч, кино камер зэрэг эд зүйлсийг гидравлик шахагчаар бутлан устгаж, оронд нь "iPad Pro" гарч ирж байгаагаар харуулжээ. Компани үүгээрээ шинэ бүтээгдэхүүнд эдгээр бүх бүтээлч хэрэгсэл багтсан гэсэн утга илэрхийлэхийг зорьсон аж. Гэтэл уг сурталчилгаатай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр ихээр гарах болжээ. Тухайлбал нэгэн цахим хэрэглэгч "Хүн төрөлхтний бүтээсэн ололт амжилтыг үл хүндэтгэж, тэдгээрийг бүтээсэн хүмүүсийг гутаалаа" гэсэн байна. Тиймээс “Apple” компани алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдээс уучлал гуйжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.