images

200 гаруй жилийн түүхтэй Их Британийн эрчүүдийн клуб анх удаа эмэгтэйчүүд нэгдэхийг зөвшөөрөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   200 гаруй жилийн түүхтэй Их Британийн “Garrick Club” эрэгтэйчүүдийн клуб байгуулагдсанаасаа хойш анх удаа эмэгтэй гишүүн элсүүлэхээр болсноо зарлав. “The Guardian” сонины мэдээлснээр, клубын гишүүдийн дунд санал хураалт явуулж олонхын саналаар эмэгтэй гишүүдийг хүлээж авахыг зөвшөөрчээ. Анх 18 дугаар зуунд Европт цөөн тооны сэхээтэн, уран бүтээлчид, шинээр гарч ирж буй хөрөнгөтнүүд нэгдэж клуб, нэгдэл байгуулж эхэлсэн түүхтэй. Өнөө үед клуб гэдэг үгийг ууж наргих, бүжиглэж цэнгэх газар гэж ойлгодог боловч тухайн үеийн клубууд нь цаг үеийн асуудлаар ярилцах, үзэл бодлоо хуваалцах зорилготой байжээ. “Garrick Club” нь 1831 онд IV Уильям хааны дүү хунтайж Август Фредерикийн ивээл дор байгуулагдаж жүжигчин, жүжгийн зохиолч Дэвид Гаррикийн нэрээр нэрлэгдсэн байна. Нийгмийн янз бүрийн давхаргын мянга гаруй эрчүүдийг нэгтгэсэн уг клуб гишүүдийнхээ хувийн мэдээллийг нууцалж иржээ. Харин “The Guardian” сонин өнгөрсөн гуравдугаар сард клубын зарим гишүүний нэрсийн жагсаалтыг олж нийтэлсний дараа эмэгтэйчүүдийг элсүүлэхийг шаардсан шүүмжлэл гарах болсон юм. Жагсаалтад III Чарльз хаан, Төрийн нарийн бичгийн дарга асан Оливер Дауден, Тагнуулын албаны дарга Ричард Мур, жүжигчин Брайан Кокс зэрэг хууль зүй, урлаг, улс төрийн өндөр албан тушаалтнуудын нэр байсан нь ил болсон юм. Өмнө нь эмэгтэйчүүдийг энэ клубт элсүүлэх оролдлого гарч байсан бөгөөд 1990-ээд онд хүний ​​эрхийн хуульч Энтони Лестер зохиолч, сэтгүүлч Мэри Анн Сигхартыг гишүүнээр элсүүлэх гэж оролдсон ч дэмжигдээгүй байна. Мөн 2011 онд жүжигчин Хью Боннвилл хамтран зүтгэгч жүжигчин Жоанна Ламлиг гишүүнээр элсүүлэхийг санал болгосон ч олонхи нь татгалзжээ. Клубын тухай нийтэд ил болсноор 200 гаруй гишүүн удирдлага руугаа захидал, цахим шуудан илгээж, эмэгтэйчүүдийг элсүүлэхийг хүссэн байна. Клубын зарим гишүүн эмэгтэйчүүдийг хүлээж авахгүй бол клубээс гарна гэдгээ мэдэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.