images

Ираны шүүх “Алтан баавгай” шагналт кино найруулагчийг хоёр дахь удаагаа яллав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   Берлиний олон улсын кино наадмаас "Алтан баавгай" шагнал хүртэж байсан Ираны кино найруулагч Мохаммад Расулоф дахин 8 жилийн хорих ял авсан тухай “The Guardian сонин мэдээлэв. Энэ тухай хүний ​​эрхийн хуульч, өмгөөлөгч Бабак Пакниа цахим хуудсандаа нийтэлжээ. М.Расулофын бүтээсэн кинонууд үндэсний аюулгүй байдлын эсрэг утга агуулсан, дүр бүтээсэн жүжигчин бүсгүй гивлүүр зүүгээгүй хэмээн шүүх буруутгасан байна. Түүнийг мөн холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр кино хийсэн хэмээн яллаад зогсохгүй кинонд оролцсон хүмүүсийг хилээр гарахыг хоригложээ. Эдүгээ 52 настай найруулагч 2020 онд Берлиний олон улсын кино наадмаас "There Is No Evil" киногоороо "Алтан баавгай" шагналыг хүртсэн ч Иран улсаас гарахыг хориглосны улмаас шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй юм. М.Расулоф бусдад авлига өгөхөөс татгалзсаныхаа улмаас хавчигдан гадуурхагдаж буй хүний тухай "Тэвчээртэй хүн" кино бүтээсэн нь 2017 оны Каннын кино наадмаас "Гран при" шагнал хүртсэн билээ. Гэвч Ираны Засгийн газар түүний гадаад паспортыг хураан авч хилээр гарахыг хориглосон юм. Мөн ​​2010 онд эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр кино зураг авсан хэргээр зургаан жилийн хорих ял шийтгүүлж, шүүх ялыг нэг жил болгон бууруулсан боловч хилээр гарах, кино зураг авахыг нь хориглож байв. М.Расулоф 2022 оны долоодугаар сард Абадан хотод худалдааны төвийн барилга нурсантай холбогдуулан эрх баригчдыг шүүмжилсэн хэргээр шоронд ял эдэлж байгаад өнгөрсөн оны хоёрдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаад байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.