images

Австрали улс Тувалугаас жил бүр 280 дүрвэгч хүлээж авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   Австрали улс Номхон далайн жижиг арлын улс болох Тувалу улстай аюулгүй байдлын гэрээ байгуулсан тухай AAP агентлаг мэдээлэв. Тувалу улсад айлчилсан Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Тувалугийн ерөнхий сайд Фелети Теотой хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, хоёр орон аюулгүй байдлын шинэ гэрээнд гарын үсэг зурсныг мэдэгдсэн байна. Энэхүү гэрээний дагуу Австрали улс Тувалугаас жил бүр 280 буюу улсын нийт хүн амын 2.5 хувьтай тэнцэх тооны хүнийг цаг уурын дүрвэгчээр хүлээн авахыг зөвшөөрчээ. Тувалу нь 11 мянга орчим хүн амтай улс юм. Мөн Тувалуд гадаадын түрэмгийлэл, байгалийн гамшиг тохиолдоход Австрали улс хамгаалахаар гэрээнд заасан байна. Ингэхдээ Тувалуг бусад улстай дипломат харилцаа тогтооход нь хориг саад тавихгүй гэдгээ амласан байна. Үүнээс гадна Австрали улс далайн гүнд холбооны кабель сүлжээ суурилуулахад 50 сая, далайн түвшин нэмэгдэхээс үүдэх хохирлоос урьдчилан сэргийлэх нөхөн сэргээлтийн төсөлд 15 сая гэх зэргээр нийт 110 сая австрали долларын бүтээн байгуулалтын тусламж олгохоор болсон байна. Өнгөрсөн оны 11 нэгдүгээр сард хоёр улс уур амьсгал, аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус гэрээнд Тувалу улс гуравдагч оронтой аюулгүй байдал, батлан ​​хамгаалахын гэрээ байгуулахдаа Австралитай зөвшилцөх ёстой гэсэн заалтыг оруулж байжээ. Энэ нь Номхон далайн бүс нутагт нөлөөгөө тэлэхийг оролдож буй Хятадын бодлогоос сэргийлсэн арга хэмжээ байсан гэж үздэг. Соломоны арлуудаас зүүн тийш, Фижи арлаас хойд зүгт орших Тувалу улс нь далайн түвшнээс дээш 5 метрээс бага өндөрт оршдог улс бөгөөд жил бүр далайн түвшин нэмэгдэхийн хэрээр газар нутаг нь усанд автах эрсдэлтэй тулаад байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.