images

АНУ-ын Миннесота мужид “Тэйлор Свифтийн хууль” батлагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   АНУ-ын Миннесота мужид Тэйлор Свифтийн төрсөн жил, цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолтын тасалбарын борлуулалтыг зохицуулах хуулийн төсөл батлагдсан байна. Дуучны цомог, мөн төрсөн он нь болох "1989" гэсэн тоогоор нэрлэсэн "House File 1989" хуулийн төсөлд мужийн захирагч Тим Уолз өчигдөр гарын үсэг зуржээ. Уг хуулийг хэвлэлүүд "Тэйлор Свифтийн хууль" хэмээн нэрлэж байна. Тим Уолз энэ талаар хэлэхдээ "Хууль гарснаар хэрэглэгчдийг хуурамч тасалбараар хууран мэхлэх, тасалбар олноор авч өндөр үнээр дамлан борлуулах зэрэг зохисгүй явдал үгүй болно” гэжээ. Хуулийн төслийг санаачилсан Ардчилсан намын гишүүн Келли Моллер 2022 онд Т.Свифтийн тоглолтын тасалбар худалдаж авах гэтэл “Ticketmaster” борлуулалтын сайт хэвийн ажиллахгүй байснаас авч чадаагүй аж. Тухайн үед Т.Свифтийн тоглолтын нэр хүнд өсөхийн хэрээр хүмүүс тасалбар бөөнөөр нь авч дамлан борлуулахын тулд компьютерийн бот ашиглан сайт руу зэрэг нэвтэрдэг байснаас ийм доголдол үүсдэг байжээ. Т.Свифтийн тоглолтын тасалбар тухайн үед дамын үнээр 35 мянган доллар хүрч байв. Зарим сайт олны хүсэн хүлээсэн тоглолт, спортын арга хэмжээний тасалбарын үнэд далд хураамж, шимтгэл нэмснээс болж анхны үнийг нь 10 нугалж худалддаг тухай гомдол хэрэглэгчдээс ихээр ирэх болсон байна. "House File 1989" хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.