images

Австрали: Ижил хүйстний тухай номыг номын сангаас буцаан татах шийдвэр гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Австралид ижил хүйстэн эцэг эхчүүдийн тухай хүүхдийн номыг номын сангаас буцаан татах шийдвэр гаргасан нь маргаан дэгдээгээд байна. ABC телевизийн мэдээлснээр, Сиднэй хотын Камберланд дүүргийн Иргэдийн хурал саяхан "Ижил хүйстэн эцэг эхчүүд" нэртэй номыг орон нутгийн номын сангаас буцаан татах асуудлаар санал хураалт явуулжээ. Иргэдийн хурлын зургаан гишүүн үүнийг дэмжиж, тав нь эсэргүүцэж, дөрөв нь санал өгөөгүй байна. Их Британид анх хэвлэгдсэн энэ ном ижил хүйстэн гэр бүлд өссөн хүүхдийн асуудлыг хөндсөн бөгөөд 2019 онд орон нутгийн номын санд иржээ. Номыг буцаан татах тухай санаачилга гаргасан Иргэдийн хурлын гишүүн Стив Кристоу хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би номын санд ийм ном байгааг хараад цочирдсон. Үүнийг хүүхдэд уншуулах нь үнэхээр зохимжгүй. Хүүхэд хүүхдийн л ном унших ёстой” гэжээ. Үүнээс өмнө тус дүүрэгт нэгэн ижил хүйстэн эр хүүхдүүдэд үнэ төлбөргүй ном уншиж өгдөг байсныг хориглож байв. Ном буцаан татах тухай шийдвэрийн хариуд Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа үүнийг бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийг зөрчсөн үйлдэл гэсэн боловч номын сангийн санхүүжилтийг эргэж харна гэдгээ мэдэгдсэн байна. Тус мужийн Соёл, урлагийн сайд Жон Грэхэм "Номыг шатаах, хориглох нь соёлжиж иргэншсэн нийгэмд маш зохисгүй үйлдэл. Ямар ном сонгож унших нь уншигчдын хэрэг байх ёстой” гэсэн тайлбар хийжээ. Тус улсын парламент ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийн төслийг 2017 оны арванхоёрдугаар сард баталж, 2018 оны нэгдүгээр сард хэрэгжүүлж эхэлсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.