images

Кубын эдийн засгийн өсөлтөд хувийн бизнес голлох үүрэг гүйцэтгэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   Коммунист дэглэмтэй Куба улсад "бохир капиталистууд" хэмээн нүд үзүүрлэгдэж ирсэн хувиараа бизнес эрхлэгчид дотоодын эдийн засгийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэж байгаа тухай “New York Times” сонин мэдээлэв. Тус улсад 1960-аад оноос хойш хувийн бизнесийг хориглосон ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим зохицуулалтыг зөөлрүүлж байгаа юм. 1990-ээд онд ЗХУ задран унасны дараа зарим зах зээлийн үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн боловч хувиараа бизнес эрхлэх зөвшөөрөл зөвхөн зоогийн газар, такси, үсчин гэх мэт хэдхэн салбараар хязгаарлагдаж байв. Харин 2021 онд хувийн хэвшилд 100-аас доош ажилтантайгаар бизнес эрхлэх боломжийг олгох болж хувийн бизнесийг хуульчилсан бөгөөд энэ нь улс даяар бизнес хөгжихөд онцгой нөлөө үзүүлжээ. Улмаар 2021 оноос хойш 10 мянга гаруй хувийн бизнес шинээр нээгдэж, Кубын социалист загвараас тэс өөр динамик эдийн засгийг бий болгож байна. Өнөөдрийн байдлаар хувийн секторт ажиллаж буй хүмүүсийн тоо 1.5 сая байгаа нь 2021 оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн буюу тус улсын хөдөлмөр эрхэлж буй хүн амын бараг тал хувь болжээ. Өнгөрсөн онд хувийн хэвшлийн импортын хэмжээ 1 тэрбум доллар болсон нь засгийн газрын импорттой тэнцэж байна. 2015 онд Барак Обамагийн засаг Куба улстай дипломат харилцаагаа сэргээж, америк жуулчид тус улсыг зорьж, Америкийн компаниуд хөрөнгө оруулалт хийж эхэлснээр эдийн засаг илтэд сэргэжээ. Кубын эдийн засгийг судалдаг Колумбын эрдэмтэн Павел Видал “Куба улсад хувийн хэвшилд хэзээ ч ийм их боломж олгож байгаагүй” хэмээн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.