images

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчид юу тохиолдов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   Төрийн эрх барьж байх хугацаандаа дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг байсан Уругвай улсын ерөнхийлөгч асан Хосе Мухика хорт хавдар тусчээ. Өдгөө 88 настай Х.Мухика өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ, эрүүл мэндийн үзлэгээр улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдсоноо мэдээлэв. Оновчтой хошин зүйрлэл хэлдгээрээ алдартай тэрбээр “Хадуур барьсан эрлэгийн элч өмнө нь миний орны дэргэд хэд хэд ирээд буцаж байсан. Энэ удаа эргэлт буцалтгүйгээр ирсэн бололтой” гээд, энэ өвчинтэй эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлсэн байна. "Пепе" хочоороо алдаршсан Х.Мухика бол Уругвайн зүүний үзэл баримтлалын бэлгэ тэмдэг болсон, дотооддоо төдийгүй хилийн чанадад ихээхэн нэр хүндтэй улс төрч юм. Урьд нь партизан байсан түүнийг зүүн төвийн эвслээс ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Уругвайн эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр маш тодорхой бодлого гаргаж амжилтад хүрсэн гэж үнэлдэг. Түүний бүрэн эрхийн хугацаанд тус улсын ядуурлын түвшин 40 хувиас 11 хувь болж буурсан байна. Тэрбээр маш арвич хямгач зантай, цалингийнхаа ихэнхийг нийгмийн байгууллагуудад хандивладаг байсан бөгөөд 1987 оны “Volkswagen” машин унадаг байснаараа дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч хэмээн нэрлэгдэж байв. Төрийн тэргүүн байхдаа ерөнхийлөгчийн ордонд суулгүй нийслэл Монтевидео хотын захад байдаг хуучин байшингаасаа ажилдаа явдаг байжээ. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусны дараа Сенатын гишүүнээр хэдэн жил ажиллаад 2020 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр гарамгай илтгэх чадвар, оновчтой хошигнолоороо ихэд алдартай. Түүний “Амьдралд ямар нэгэн үнийн шошго байдаггүй болохоор би ядуу хүн биш”, “Эрх мэдэл хүнийг өөрчилдөггүй, харин жинхэнэ өнгө төрхийг нь илчилдэг”, “Бид жинхэнэ ойг устгаж бетонон ширэнгэ босгож байна”, “Цорын ганц эрүүл донтолт бол хайр дурлалын донтолт юм" гэх зэрэг үгсээрээ олныг дагуулдаг байв. Хорт хавдартай тэмцэж буйгаа мэдэгдэхдээ залууст хандан “"Амьдрал сайхан ч бүдрэх үе байдаг. Бүдэрч унах болгондоо дахин шинээр эхэлж, уур хилэнгээ итгэл найдвар болгон өөрчлөх хэрэгтэй" гэсэн үгсийг хэлсэн байна. Дотооддоо төдийгүй гадаад улс орнуудаас түүнийг дэмжиж эрүүл энхийг хүссэн захидал ирсээр байна. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула Да Сильва "Х" хуудсандаа Х.Мухикагийн бяцхан “Volkswagen Beetle” машинаа унасан зургийг нийтэлж "Та бол илүү сайхан ертөнц бий болгохын төлөөх тэмцэлд гэрэл гэгээ болдог хүн" гэжээ. Испани улсын Шадар сайд Ёланда Диас мөн олон нийтийн сүлжээнд түүнийг дэмжсэн мессэж үлдээсэн бол Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес “Тэр өвчнөө ялах болно” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.