images

АНУ: Матрын арьсан цүнх зохион бүтээгч эмэгтэй шүүхээс ял сонсов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-23


   Тансаг зэрэглэлийн матрын арьсан цүнхний бизнес эрхэлж амжилтад хүрсэн Колумби улсын загвар зохион бүтээгч хатагтай Нэнси Гонзалес зэрлэг ан амьтдыг хамгаалах хууль зөрчсөн хэргээр АНУ-ын шүүхээс хорих ял авчээ. Түүнд дархан цаазтай зэрлэг амьтны арьсаар хийсэн бүтээгдэхүүнийг Колумбиас АНУ-руу хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр 18 сарын хорих ял оноосон байна. Тэрбээр 2016 оны хоёрдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл “caiman” болон “python” төрлийн нэн ховордож буй матрын арьсаар хийсэн гар цүнх, түрийвч зэргийг АНУ руу хууль бусаар нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн тээвэрлэгч хөлсөлсөн, улмаар эдгээр бүтээгдэхүүнээ Нью-Йоркийн дэлгүүрүүдэд дэлгэн тавьж, худалдаалсан тул түүнийг буруутгасан байна. АНУ-ын Хууль зүйн яамны Байгаль орчин, байгалийн асуудал хариуцсан захирал Тодд Ким “АНУ дотооддоо болон хилийн чанадад ховордсон зэрлэг амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенцид (CITES) нэгдэн орсон. Ийм зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь хуулиар хориотой” гэсэн байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Н.Гонзалесийн зохион бүтээсэн матар, могойн арьсаар урласан гар цүнх АНУ-д ихэд дэлгэрч, поп одууд болох Бритни Спирс, Викториа Бекхэм нар хэрэглэж байгаа аж. Түүгээр үл барам 2008 онд Нью-Йорк дахь “Метрополитен” урлагийн музейд болсон үзэсгэлэнд Н.Гонзалесийн бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Мөн шүүхээс түүнийг хоёр сая долларын барааг хууль бусаар хил нэвтрүүлж их хэмжээний ашиг олсон гэж буруутгасан байна. АНУ-ын зүгээс түүнийг 2016, 2017 онд хууль журам зөрчихгүй байхыг анхааруулж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан нь болохыг онцлов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.