images

Сингапур: Долоо хоногт дөрвөн өдөр ажиллах удирдамж хэрэгжүүлж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Сингапур улс ажлын уян хатан тогтолцоог өргөжүүлж долоо хоногт дөрвөн өдөр ажиллах удирдамжийг хэрэгжүүлж эхлэв. Ирэх 12 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх уг тогтолцоог өнгөрсөн найман сарын хугацаанд Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбооноос зөвшилцсөний үндсэн дээр боловсруулжээ. Энэ нь ажилчдын албан хүсэлт, уян хатан ажлын цагийн хуваарьтай ажиллах үнэлгээний журмыг хамарсан удирдамж бөгөөд хэдийгээр хуульчлан тогтоогоогүй боловч дөрвөн өдөр ажиллах тогтолцооны эхний алхам гэж үзэж байна. Ажилчид зайнаас ажиллах болон ажилдаа ирэх цагийг тохируулах зэрэг уян хатан бодлогыг байгууллагаас хүсэх эрхтэй бөгөөд байгууллага хоёр сарын дотор хариу өгөх ёстой. Байгууллага татгалзсан тохиолдолд шалтгаанаа хэлэх, мөн ажилчдыг өөр шийдэл олохыг санал болгоно. Хэрэв ажил олгогчид зааврыг санаатайгаар дагаж мөрдөөгүй бол засгийн газар анхааруулга өгч, холбогдох сургалтад хамрагдахыг шаардах ажээ. Энэхүү шинэ удирдамж нь жижиг, дунд бизнесийн байгуулагуудад уян хатан ажлын системийг нэвтрүүлэх зорилготой юм. Тус улсын Засгийн газар дотоодын хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнт байдал, хүн амын хөгшрөлттэй холбоотой ажиллах хүчний хомсдол, асран хамгаалагч шаардлагатай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа зэрэг байдал шинэ тогтолцоо хэрэгжүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна. Төрөлтийн түвшин буурч, хөгшрөлт нэмэгдэж, хөдөлмөрийн чадвартай хүн ам буурч байгаа тус улсад өндөр настны ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж байна. 2030 он гэхэд 65 ба түүнээс дээш насны хүмүүс хүн амын дөрөвний нэгээс илүү хувийг эзлэх төлөвтэй байна. Улмаар хүн амын хөгшрөлттэй уялдуулан тэтгэврийн насыг 2030 он гэхэд 70 нас болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.