images

Францын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын амьдралаар кино хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон тэргүүн хатагтай Брижит Макрон нарын хайр дурлалын түүхээр кино бүтээхээр болсон байна. Тодруулбал тус улсын “Gaumon” кино компани тэргүүн хатагтай Брижитийн амьдралаас сэдэвлэсэн "Чөлөөт эмэгтэй Брижит" нэртэй зургаан ангит цуврал кино бүтээхээр болжээ. Киноны үйл явдал 1992 оны Амьен хотын нэгэн хувийн сургуульд өрнөнө. Тухайн үед 40 настай жүжиглэх урлагийн багш байсан Брижит бүсгүй 15 настай сурагч Макронтой танилцаж, улмаар багш шавийн харилцаа сүүлдээ хайр дурлалаар холбогдон явсаар эцэст нь улсын тэргүүн хатагтай болж байгаа тухай түүхийг өгүүлэх гэнэ. Кино зохиолч Бенедикт Чарльз хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Брижит бол сэтгэл татам дүр. Түүний хувь заяа, хайр дурлалын романтик түүхийг тод харуулахын тулд жинхэнэ романтик, уянгалаг бүтээл хийхийг оролдож байна" гэжээ. Энэ талаар Елисейн ордон ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд "Энэ тухай хэвлэлээс олж мэдсэн. Үүнд ямар нэгэн оролцоо байхгүй” гэсэн байна. Хатагтай Брижит өнгөрсөн арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Э.Макронтой гэрлэх болсон тухайгаа илэн далангүй ярьсан юм. Э.Макрон 15 настай, Амьен хотын нэгэн хувийн сургуульд суралцаж байхдаа өөрөөсөө 25 насаар эгчмэд багшдаа дурлажээ. Хатагтай Брижит тэр үед гэр бүлтэй, гурван хүүхэдтэй, 40 настай байсан бөгөөд багш шавь хоёрын хайр дурлал нэлээд маргаан дэгдээж, Э.Макроны аав ээж нь түүнийг Парис руу өөр сургуульд явуулжээ. Гэсэн ч сурагч хүү аав ээжийнхээ дургүйцлийг үл харгалзан үерхсээр байсан бөгөөд эцэст нь Брижит гэр бүлээ цуцлуулж 2007 онд тэд гэрлэсэн байна. Нөгөө талаар зарим хүмүүс ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн хувийн амьдралыг хэтэрхий илэн далангүй дэлгэж кино хүртэл хийх нь зохимжгүй гэж шүүмжилж байна. Э.Макроны засгийн газрын гишүүн, Соёлын сайд асан Рослин Бачелонаркин “Үнэнийг хэлэхэд энэ тийм таатай сонсогдохгүй байна. Хүний хувийн амьдралд хэтэрхий их халдаж байгаа юм биш үү?” гээд гэхдээ нэгэнт кино болоод дэлгэцэнд гарвал хамгийн түрүүнд үзэх болно гэдгээ хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.