images

Италийн нэртэй эрдэмтэн Ерөнхий сайдынхаа нэр төрд халдсан хэргээр шүүхэд дуудагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн нэр төрд халдсан хэргээр хүмүүнлэгийн ухааны нэр хүндтэй эрдэмтэн шүүхэд дуудагдсан байна. Тус улсын Бари их сургуулийн профессор асан 81 настай Лучано Канфораг Ерөнхий сайдын нэр төрд халдсан хэргээр шүүх болсныг RAI агентлаг мэдээлэв. Шүүх хурал аравдугаар сарын 7-ны өдөр болно. Профессор Л.Канфора 2022 оны дөрөвдүгээр сард буюу бүх нийтийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө нэгэн ахлах сургууль дээр болсон Украины дайны тухай хэлэлцүүлэгт оролцохдоо тухайн үеийн сөрөг хүчний удирдагч байсан Ж.Мелонийг "Жинхэнэ неонацист", "Өрөвдмөөр амьтан", “Маш осолтой тэнэг” гэх зэргээр нэрлэж дургүйцлээ илэрхийлсэн байна. Тухайн үед Ж.Мелони түүний үг хэлсэн дүрс бичлэгийг фэйсбүүктээ нийтэлж, "Тэр залуусын дунд бүдүүлэг суртал ухуулга хийсэн” хэмээн гомдол гаргаж байжээ. Улмаар тухайн оны есдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулж, Италийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон ч гомдлоо буцааж аваагүй байна. Л.Канфора нь Бари их сургуулийн грек, латин филологийн профессороор ажиллаж байсан Италийн хамгийн агуу зүүний үзэлтэй эрдэмтэн гэж үздэг бөгөөд тэрбээр AFP агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн үгэндээ харамсахгүй байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Ж.Мелони 2012 онд Италийн Нийгмийн Хөдөлгөөн (MSI) холбооны залгамж халаа болсон Италийн ахан дүүс (FdI) бүлгэмийг үүсгэн байгуулсан боловч Ерөнхий сайд болсныхоо дараа "Би ардчилсан бус дэглэмүүд, тэр дундаа фашизмыг хэзээ ч өрөвдөн хайрлаж, дотносож байгаагүй" гэж мэдэгдсэн юм. Ж.Мелонигийн нэр төрд халдсан хэргээр шүүхэд дуудагдаж буй энэ удаагийн хэрэг анхных биш юм. 2020 оны арванхоёрдугаар сард тэрбээр “Gomorrah” романы зохиолч Роберто Савианог Италийн телевизийн улс төрийн ток шоунд оролцохдоо өөрийг нь бүдүүлгээр харааж зүхсэн хэмээн шүүхэд өгч, өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээс зохиолчийг 1000 еврогоор торгосон байна. Мөн өнгөрсөн оны долдугаар сард тоглолтынхоо үеэр өөрийг нь доромжилсон Их Британийн “Placebo” рок хамтлагийн ахлагч Брайан Молкогийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Б.Молко Ерөнхий сайдыг "новш", "фашист", "арьс өнгөөр ​​ялгаварлагч" гэх мэтээр хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.