images

Их Британи: Тамхи татдаггүй шинэ үеийг бий болгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Их Британи улс тамхины хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах замаар тамхи татдаггүй үеийг бий болгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжлээ. Тус улсын парламентийн доод танхим өчигдөр "Утаат тамхи, электрон тамхины тухай хууль”-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийж 383 гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг доод танхимын хяналтын дараагийн шатанд шилжүүлсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тамхигүй үеийг бий болгох хуулийн төслийн дагуу тамхи худалдан авч болох насыг жил бүр нэг насаар хорогдуулсаар 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэн Их Британид насан туршдаа тамхи худалдаж авах нь боломжгүй болох ажээ. Улмаар насанд хүрээгүй хүмүүст тамхи худалдаалсан дэлгүүрүүдэд 100 паундын торгууль ногдуулахаар заасан бөгөөд 2027 он гэхэд шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна. Мөн электрон тамхинд зориулсан нэг удаагийн бүтээгдэхүүнийг хориглох, залуучуудын сонирхолыг татахуйц амт, сав баглаа боодол, борлуулалтын аргыг хязгаарлах заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг баталснаар олон хүний ​​амийг аврах боломжтой гэж Риши Сунакийн засгийн газар үзэж байна. Улмаар тамхи татдаггүй үеийг бий болговол энэ зууны эцэс гэхэд зүрхний өвчин, уушигны хорт хавдраар өвчлөх 47 мянган тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ. Харин Консерватив намын либерал хууль тогтоогчид энэ төсөл дээр сөрөг байр суурьтай байгаа бөгөөд үүнийг хувь хүний ​​эрх чөлөөнд халдсан бодлого гэж нэрлэж байна. Ерөнхий сайд асан Борис Жонсон өнгөрсөн долоо хоногт Канадад айлчлах үеэрээ "Уинстон Черчиллийн нам тамхи татахыг хориглоно гэдэг гайхмаар хэрэг" хэмээн ёжилжээ. Мөн Ерөнхий сайд асан Лиз Трасс хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, үүнийг дэмжигчдийг "эрүүл мэндийн цагдаа" гэж нэрлэжээ. Цаашид хуулийн төслийг хороодын хяналт, нэгдсэн хуралдаан, гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх бөгөөд Төлөөлөгчдийн танхимаар батлагдвал Сенатад шилжүүлэх юм. Сенатад эцсийн санал хураалт 6 дугаар сарын дундуур болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.