images

“Nike” компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийн дагуу өрөөсөн гутал худалдаалж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Британийн иргэн паралимпийн тамирчин Стеф Рид спортын Nike брэндэд хандаж зөвхөн нэг хөлийн пүүз худалдаанд гаргахыг хүссэн байна. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан манекен зэргийг дэлгүүрүүдэд байрлуулсан байдаг ч үнэндээ бол тухайлсан өрөөсөн гутал үйлдвэрлэдэггүй ажээ. Стеф Рид “Nike” компанийн албаны хүнтэй хийсэн ярианыхаа бичлэгийг цахим орчинд дэлгэсэн байна. Тэрбээр өрөөсөн хөлөө тайруулсан тухайгаа учирлаж, зөвхөн зүүн хөлийн нэг ширхэг гутал, эсвэл зүүн хөлийн гутал хоёр ширхэгийг худалдан авч болох эсэх талаар асуухад “Nike-ийн зүгээс “Боломжгүй” гэж хариулжээ. С.Рид “Nike-ийн бүтээгдэхүүн үнэтэй тул хос гутал аваад зөвхөн нэгийг нь өмсөж нөгөөг нь хаях хайран байгаа тухайгаа цахим орчинд дэлгэжээ. Үүний дараа тус компанийн зүгээс түүнд 10 хувийн хөнгөлөлт эдлүүлэх санал болгосон байна. Гэвч С.Рид “Надад өрөөсөн гутал л хэрэгтэй. Энэ бол шийдэл биш” гэж хариулжээ. Улмаар түүнд 15 хувийн хөнгөлөлтийн санал тавьсан ч тэрбээр дахин татгалзсан тул компанийн зүгээс асуудлыг дээд удирдлагадаа мэдэгдээд хариу өгөхөө амласан байна. Харин түүнээс хойш ес хоног өнгөрсөн ч ямар ч хариу аваагүй тухайгаа С.Рид цахим орчинд дэлгэсэн бөгөөд түүний энэхүү бичлэгийг 4 сая гаруй удаа үзэж, цахим хэрэглэгчид санал шүүмжлэл илгээсээр байна. Ихэнх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж өрөөсөн гутал үйлдвэрлэж болдоггүй юм бол 50 хувийн хөнгөлөлт эдлүүлэх ёстой гэсэн санал дэвшүүлжээ. Үүний дараа “Nike мэдэгдэл гаргаж энэ асуудлаар саналаа илэрхийлсэн С.Ридэд талархаж буйгаа илэрхийлээд "Бид нийт тамирчдыг дэмжиж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, холбоодыг ивээн тэтгэж, спортын бүх төрлөөр тэдэнтэй хамтран ажилладаг" гээд мөн нэг хөлийн гутал нийлүүлж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.