images

Бээжингийн марафонд Африкийн тамирчид Хятадын тамирчинд зориуд ялагдсан уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Өнгөрсөн амралтын өдөр Хятадын Бээжин хотод болсон хагас марафон гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчид Хятадын тамирчинд албаар ялагдаж буй дүр зураг олны шүүмжлэлд өртөөд байгаа тухай “Newsweek” мэдээлэв. Болсон явдлын талаар тодруулбал 2023 оны Ханжоугийн Азийн наадмын алтан медальт Хятадын тамирчин Хо Жэ өнгөрсөн 14-ний өдөр Бээжин хотноо болсон Бээжингийн хагас марафонд 1 цаг 3 минут 44 секундын амжилтаар түрүүлжээ. Гэвч уг тэмцээний үйл явцаас харвал уралдааныг тэргүүлж явсан Кенийн тамирчин Роберт Китер, Вилли Ннангат, Этиопын тамирчин Дежене Бикила нар барианд орохыг өмнө хурдаа хасаж Хятадын тамирчин руу гараараа дохин урдаа орохыг зааж буй байдал дүрс бичлэгт буужээ. Ингээд Африкийн гурван тамирчин Хо Жэгээс ердөө нэг секундээр хоцорч, хоёрдугаар байрт орсон байна. Энэ талаар Хятадын цахим хэрэглэгч "Тэр түрүүлэхийн төлөө уралдсан ч өрсөлдөгчид нь түүнтэй уралдахыг хүсээгүй бололтой", “Үүнийг улсын Сахилгын төв хороонд мэдэгдэх хэрэгтэй" гэх мэтээр шүүмжилсэн бол түүнтэй өрсөлдсөн Африкийн тамирчин В.Ннангат “South China Morning Post” сонинд "Бид дотно найз учраас Хо Жэг түрүүлээсэй гэж би бодсон. Гэхдээ надад тэг ингэ гэж хэлээгүй, бас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй” хэмээн ярьжээ. Энэ талаарх шүүмжлэл улам нэмэгдэж уг тэмцээнийг зохион байгуулсан Бээжингийн Спортын хороо болсон явдлыг шалгаж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Улмаар холбогдох байгууллага АНУ-ын NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа "Асар их шүүмжлэл дагуулж буй энэ хэргийн шалгалтын үр дүнг нэн даруй олон нийтэд мэдээлэх болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.