images

Алексей Навальныйн дурсамж ном хэвлэгдэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   АНУ-ын “Alfred A. Knopf” хэвлэлийн газар Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн “Patriot” нэртэй дурсамж номыг ирэх аравдугаар сард хэвлэн гаргахаар болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Энэ тухай А.Навальныйн эхнэр Юлия Навальная олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ “Энэ номыг орос хэлнээс гадна гадаадын 11 хэлээр орчуулан гаргана” гэжээ. Хэвлэлийн компани уг номыг эхний ээлжинд 500 мянган хувиар АНУ зэрэг хэд хэдэн оронд нэгэн зэрэг хэвлэнэ хэмээн мэдээлжээ. Гэхдээ ОХУ-д энэ ном гарах эсэх нь тодорхойгүй байна. Номд А.Навальныйн залуу нас, ажил үйлс, гэрлэлт, гэр бүл, Оросын ардчилал, эрх чөлөөг хамгаалахын төлөө зүтгэж байсан он жилүүдийн тухай өгүүлэх ажээ. Ю.Навальная "Нөхрийн минь дурсамж ийм эрт гарна гэж бодож байсангүй. Тэр маань "80 гарсан хойноо онгорхой цонхон тушаа компьютерийн ард суугаад намтраа бичнэ" гэж ярьдаг байлаа” гэсэн байна. Гэвч 2020 онд хөндлөнгийн нөлөөтэйгөөр хордсоноосоо хойш энэ бодол нь өөрчлөгдсөн тухай дурсаад “Хордуулах оролдлого хийсний дараа хүмүүс намтраа бичихийг нөхөрт маань санал болгодог байсан хэдий ч "Дөчин дөрөвхөн настай хүн намтар бичнэ гэж юу гэсэн үг вэ" гээд тоглоом шоглоом болгон өнгөрөөдөг байсан” гэжээ. Гэхдээ А.Навальный 2020 онд Германд хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэнийхээ дараа дурсамжаа бичиж эхэлсэн бөгөөд дараа жил нь ОХУ-д буцаж ирээд шоронд хоригдсон хойноо ч үргэлжлүүлэн бичсээр байжээ. Өөрөөр хэлбэл энэ номыг тэрбээр өөрөө бичсэн бөгөөд хэвлэлийн газар эхнэртэй нь хамтран гар бичмэлийг эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Шоронд байхдаа бичсэн захидлууд, хөтөлсөн тэмдэглэлүүд нь энэ номд мөн багтсан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.