images

Италийн бөх өөрт нь хахууль амласан хүний талаар ярьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   Куба гаралтай Италийн чөлөөт бөхийн тамирчин Фрэнк Чамизо "La Repubblica" сонинд ярилцлага өгөхдөө "Бухарестэд болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр жин үзэхийн өмнө нэг хүн над дээр ирж 300 мянган доллар амлан тохиролцох санал тавьсан” хэмээн ярьжээ. Уг хүн түүнийг хагас шигшээ тэмцээнд ялагдаж өгөхийг хүссэн гэх бөгөөд "Би зөвхөн өөрийгөө биш Итали орныг төлөөлж байгаа учраас татгалзсан" гэж Ф.Чамизо мэдэгджээ. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард Румыны нийслэл Бухарест хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын хагас шигшээд Азербайжаны бөх Туран Байрамовтай барилдаж, шүүгчийн шударга бус шийдвэрээс болж ялагдсан юм. Харин одоо ирэх тавдугаар сард Туркийн Истанбул хотноо болох тэмцээнд оролцож Олимпын эрх авах зорилготой ажээ. Тэрбээр болсон явдлыг илчилсэндээ санаа зовохгүй байгаагаа хэлээд “Би айхгүй байна. Үнэний төлөө тууштай явна" гэжээ. Долоон настайгаасаа чөлөөт бөхөөр барилдсан Ф.Чамизо 2010 онд 18 настайдаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Гэвч дараа жил нь Кубын бөхийн холбоо түүний жингийн асуудалд маргаан үүсгэж, хоёр жилээр эрхийг нь хассанаас болж Италийн иргэн болсон юм. 2015 онд Италийн шигшээ багийн тамирчин болсноосоо хойш тэрбээр ДАШТ-ээс алт, Рио-де-Жанейрогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн бол Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.