Цагаан ордон: АНУ-Японы харилцаа шинэ шатанд гарсныг зарлав
Анд нөхдийн мэдээ
2024-04-11
Өчигдөр АНУ-Японы дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордонд болсон оройн зоогийн үеэр Японы ерөнхий сайд Фүмио Кишида үг хэлжээ. Тэрбээр үгийнхээ эцэст Америкийн "Оддын аялал” алдартай цуврал киноны “Хэн ч зорьж байгаагүй хязгаар луу зоригтойгоор аялагтун" гэсэн үгийг эш татсан байна. Энэ удаагийн уулзалтаар АНУ-Японы эвслийг тал бүрээр бэхжүүлэх арга хэмжээг тохиролцож, хоёр орны харилцаа шинэ шатанд гарсныг тэмдэглэжээ. Мөн ерөнхийлөгч Жо Байден “Бид түүхийн эргэлтийн цэгт ирээд байна. АНУ-Японы харилцааг илүү өндөр түвшинд гаргаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх аяныг өнөөдрөөс эхлүүллээ” гэжээ. Харин Ф.Кишида 60 жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн хэлэх дуртай байсан "Номхон далай нь АНУ, Япон хоёрыг хагалан бутаргадаггүй, харин нэгтгэдэг" хэмээх үгийг хэлэх дуртайгаа илэрхийлсэн байна. Оройн зоогт Японы ерөнхий сайд гэргийн хамт оролцсон бөгөөд хоёр орны улс төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, энтертэйнмент салбарын алдартнууд хүрэлцэн иржээ. АНУ-ын талаас ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний гэргий Хиллари Клинтон нараас гадна бизнесийнхний төлөөлөл болох “JPMorgan Chase” компанийн захирал Жэйми Даймон, “Apple” компанийн захирал Тим Күүк, Холливүүдийн жүжигчин Роберт де Ниро, уран гулгалтын алдартай тамирчин байсан Кристи Ямагүчи нар оролцжээ. Ж.Байдены танхимын сайд нар ч уулзалтад бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна. Оройн зоогийн дараа Ф.Кишида, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нарын хайртай дуучин Пол Саймон “Graceland”, “Slip Slidin Away” хоёр дуугаа гитартай дуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.