Франц бүсгүй Эйфелийн цамхагт олсоор авирч дэлхийн дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2024-04-11
Францын саадтай гүйлтийн тамирчин, 34 настай Анук Гарниер хэмээх бүсгүй Эйфелийн цамхаг өөд олсоор авиран гарч дэлхийн дээд амжилт тогтоосон тухай AFP агентлаг мэдээлэв. Тэрбээр цамхгаас дүүжилсэн олсоор авирч 18 минутын дотор 100 метрийн өндөрт гарсан байна. Өмнө нь олсоор ӨАБНУ-ын иргэн Томас ван Тондэр хэмээх эр 90 метр, Данийн тамирчин бүсгүй Ида Матильде Стенсгаард 26 метрийн өндөрт гарсан нь дээд амжилт болж байв. А.Гарниер олон жилийн мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр 2022 онд саадтай гүйлтийн төрөлд дэлхийн хошой аварга болсныхоо дараа олсоор авиралтын дэлхийн дээд амжилтыг ахиулна гэсэн зорилго тавиад зогсохгүй Францын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхгийг сонгосон байна. Нөгөө талаар хорт хавдраар өвчилсөн ээжийнхээ төлөө, мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хөрөнгө босгох зорилго ч тавьсан аж. А.Гарниер ирэх сарын 9-ний өдөр Францын Марсель хотоос Парист Олимпын бамбарыг буухиалан хүргэх аянд гарахаас гадна Олимпын сайн дурын элчээр ажиллахаар болсон байна. Өөрийнхөө тухайд тэрбээр ярихдаа "Миний байгалийн нас 34, биологийн нас 20. Биеийн галбир, эрүүл мэнд, хүч тамир гойд сайн. Ойрын 10 жилд энэ хэвээрээ байхыг хүсдэг" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.