Олны өмнө ил гардаггүй Талибаны дээд удирдагч шашны арга хэмжээнд оролцов
Анд нөхдийн мэдээ
2024-04-11
Афганистаны засгийн эрхийг барьж байгаа ч олны өмнө ил гардаггүй Талибаны дээд удирдагч Хайбатулла Ахунзада исламын шашны хамгийн том баярт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид "Дээд удирдагч Х.Ахунзада Кандагар хотын сүмд болсон Рамадан сарын төгсгөлийг тэмдэглэх лалын шашны баярт оролцож мөргөл үйлдлээ" хэмээн мэдэгдсэн байна. Кандагар бол Талибан хөдөлгөөний өлгий нутаг гэгддэг бөгөөд Х.Ахунзадагийн оршин суудаг газар юм. Тус мөргөлийн үеэр олон мянган хүн сүмийн өмнө цугларсан ч хамгаалалт чанга байсны улмаас сүмд орж чадаагүй, цугларсан хүмүүс дээд удирдагчийн биечлэн ярьж байгааг хараагүй, зөвхөн дуу хоолойг нь чанга яригчаар сонссон байна. Тэрбээр 2016 оноос хойш Талибаныг удирдаж байгаа ч одоогоор ганцхан гэрэл зураг нь олонд ил болсон байдаг. Х.Ахунзада олон нийтийн арга хэмжээнд оролцсон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, гэрэл зураг авахыг хориглодог ажээ. Өмнө нь 2022 оны шашны арга хэмжээн дээр гарч ирж үг хэлэхдээ нүүрээ ил гаргахгүйн тулд олон түмэн рүү нуруугаа харуулан зогсож ярьсан байна. Тэрбээр энэ жилийн Рамаданы баярын өмнөх мэдэгдэлдээ "Бид дэлхийн бүх улс оронтой дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоож, Афганистаны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллах болно” гэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.