images

Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-10


   Ирландын эрх баригч Нэгдсэн намын дарга Саймон Харрис тус улсын шинэ ерөнхий сайдаар сонгогдсон тухай AFP мэдээлэв. 1986 онд төрсөн, энэ жил 37 настай С.Харрис тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болж байна. Тэрбээр 16 настайдаа Ирландын Нэгдсэн намд элсээд 22 настайдаа орон нутгийн иргэдийн хурлын гишүүн, 24 настайдаа парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсоноор “Парламентын жаал” хэмээх хочтой болж байжээ. Улмаар 2014 онд 27 настайдаа Сангийн сайд болсон юм. 2016 оноос 2020 оны дунд үе хүртэл Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байхдаа тэрбээр COVID-19 цар тахлын үеийн хариу арга хэмжээг хариуцаж байсан бөгөөд ажил үйлсээрээ ард иргэдийн талархал хүлээж байсан аж. Дараа нь Хууль зүйн сайд, мөн Боловсролын сайдын албыг хашиж байв. Тэрбээр залуучуудтай нээлттэй харилцдаг, олон нийтийн цахим сүлжээг идэвхтэй ашигладаг байсан тул парламент дахь сөрөг хүчин түүнийг “ТикТок-ын ерөнхий сайд” хэмээн хочилж байв. Ерөнхий сайд Лео Варадкер улс төрийн болон хувийн шалтгаанаар гэнэт албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа өнгөрсөн сард болсон намын удирдлагын сонгуулиар С.Харрис эрх баригч намын дарга болсон билээ. Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа тэрбээр эв нэгдэл, хамтын ажиллагаа, бие биенээ хүндэтгэх сэтгэлээр эвслийн засгийн газрыг удирдана гэдгээ онцолжээ. Ирландын Нэгдсэн нам нь Бүгд найрамдах нам, Ногоон намтай эвслийн засгийн газар байгуулсан бөгөөд дараагийн сонгууль ирэх оны гуравдугаар сард болно.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.