images

“OpenAI” судалгааны хүрээлэн хуульчдын багаа хүчирхэгжүүлж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-10


   ChatGPT хөгжүүлэгч “OpenAI” судалгааны хүрээлэн хуульчдынхаа тоог огцом нэмэгдүүлж, өдөр ирэх тутам олширч буй хууль эрх зүйн маргааны эсрэг арга хэмжээ авч эхэлсэн тухай “Washington Post” сонин мэдээлэв. “Open AI"-ийн ажилтнуудын  тоо 2022 онд 200 байсан бол одоо 1000 болж, 2023 оны гуравдугаар сараас хойш нэг жилийн дотор гэхэд л 24 хуульч ажилд авчээ. Хуулийн багаа хүчирхэгжүүлж байгаа шалтгаан нь хиймэл оюун ухаан өсөн нэмэгдэж байгаатай зэрэгцэн хууль шүүхийн маргаан ихээр гарах болсонтой холбоотой юм. Тухайлбал инээдмийн жүжигчин Сара Силверман, зохиолч Майкл Чабон нар өнгөрсөн жил “Microsoft” болон “OpenAI”-ийн эсрэг нэхэмжлэл гаргаж, ChatGPT нь тэдний бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж зохиогчийн эрхийг зөрчсөн гэж мэдэгджээ. Мөн Маргарэт Этвүүд, Жэймс Паттерсон нарын зохиолчид хиймэл оюун ухааныг сургахад ашигласан контентын төлбөрийг шударгаар төлөхийг шаардаж байна. Түүгээр үл барам “OpenAI”-г үүсгэн байгуулахад гар бие оролцсон Илон Маск хүртэл тус хүрээлэнг шүүхэд өгчээ. И.Маск саяхан “OpenAI”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус байгууллага нь ашгийн бус зорилгоо зөрчсөн, мөн технологийг нээлттэй эх сурвалж болгон гаргах гэрээгээ зөрчсөн гэж мэдэгджээ. Тэгвэл Европын холбооны зохицуулагчид "Бид Европын холбооны бизнесийг нэгтгэх журамд үндэслэн “Microsoft” компанийн “OpenAI”-д оруулсан хөрөнгө оруулалтыг шалгаж байна" гэжээ. Мөн Их Британийн Өрсөлдөөн, зах зээлийн газар “Microsoft” болон “OpenAI” хоорондын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг судлахын тулд урьдчилсан мэдээлэл цуглуулж эхэлснээ мэдэгдэв. “Microsoft” компани нь 2019 оноос хойш “OpenAI”-тай хамтран ажиллаж, 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр одоо 49 хувийг нь эзэмшиж байна. “OpenAI”-ийн дэд ерөнхийлөгч Анна Маканжу "Бид одоогоор хиймэл оюун ухааны ид халуурлын эхний шатандаа явж байна. Шүүх хурал ч тасрахгүй байна" гээд "Энэ хэрэг зарга бүрмөсөн арилахгүй байх. Гэхдээ учир зүйгээ олох цаг ирэх нь гарцаагүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.