Нью-Йорк хотын "Apollo" театр юугаараа алдартай вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-04-09
АНУ-ын Нью-Йорк хотын Харлем дүүрэгт хар арьстнуудын урлаг соёлын голомт гэгддэг "Apollo" театр байдаг. Тус театрт 1965 онд 15 настайдаа анх ажилд ороод эдүгээ хүртэл ажилласаар байгаа "Аполлогийн амьд домог" гэгддэг Билли Митчелл “Wall Street Journal” сонинд театрынхаа түүхээс танилцуулсан байна. "Apollo" театр 1934 оны нэгдүгээр сард байгуулагдаж одоогийн нэрээрээ үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тухайн үед ихэнх театрууд зөвхөн цагаан арьст хүмүүст зориулагдсан, хар арьст үзэгчдийг хүлээж авдаггүй байсан бол энэ театр хар арьст хүмүүсийн өмнө үүд хаалга нь нээлттэй байжээ. Ингэснээр төрөлхийн авьяаслаг хар арьст уран бүтээлчдийн зам мөрийг нээж "Харлемийн сэргэн мандалт"-ын гол тайз болсон тухай “Wall Street Journal” сонин мэдээлжээ. Тухайн үедээ тус театр долоо хоног бүрийн лхагва гаригт "Сонирхогчдын үдэш" хэмээх тэмцээн зохиодог байсан бөгөөд энд түрүүлж байсан оролцогчид дэлхийд нэрээ дуурсгасан алдартнууд болсон юм. Тухайлбал Майкл Жэксон, гитарчин Жимми Хэндрикс, поп од Стиви Уандер, жазз дуучин Билли Холидэй зэрэг алдартнуудыг дурдаж болно. Театрын тайзны ард байрлах гарын үсэгтэй ханан дээр домогт Майкл Жэксон, поп од Алисиа Кийз, ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишэль Обама нарын гарын үсэг үлджээ. М.Жэксоныг өөд болоход шүтэн бишрэгчид нь театрын өмнө цугларч, түүний нэрийг дуудан эмгэнэл илэрхийлж байсан аж. Энэ оны эхээр 90 нас хүрсэн театр "Аполло тайз" нэртэй салбараа нээсэн байна. Б.Митчелл "Бид хар арьст уран бүтээлчдийг дэмжих зорилгоор салбар нээсэн бөгөөд Харлемийн сэргэн мандалтыг бүтээх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.