Исландын ерөнхий сайд ерөнхийлөгчид нэр дэвшинэ
Анд нөхдийн мэдээ
2024-04-08
Исландын ерөнхий сайд Катрин Якобсдоттир ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн 5-ны өдөр олон нийтийн сүлжээнд видео мессэж нийтэлж "Би Исландын ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн" хэмээн мэдэгджээ. Энэ жил 48 настай тэрбээр 2021 онд өөрийн тэргүүлсэн зүүний үзэлт Ногоонтны хөдөлгөөн, барууны үзэл баримтлалтай Тусгаар тогтнолын нам, төв үзэлтэй Дэвшилтэт намаас бүрдсэн их эвсэл байгуулж сонгуульд ялалт байгуулан Засгийн газраа тэргүүлэх болсон юм. Түүний оронд ерөнхий сайдын суудалд хэн очих нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 1-нд болно. Исландын ерөнхийлөгчийн албан тушаал бол бэлгэдлийн чанартай суудал юм. 2016 онд албан тушаалдаа орсон одоогийн ерөнхийлөгч Гудни Йоханнессон энэ оны эхээр дахин сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. К.Якобсдоттир тус улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд бөгөөд улс төрчид дундаа хамгийн нэр хүндтэй эмэгтэй улс төрч гэж үнэлэгддэг. Тэрбээр “Миний улс төрийн туршлага ерөнхийлөгчийн албан тушаалд тохирно” хэмээн хэлснийг Исландын хэвлэлүүд эш татжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.