images

Айко: "Уулзсан хүн бүр миний сэтгэлийг баясгадаг"

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   Японы гүнж Айко саяхан Улаан загалмайн нийгэмлэгт ажилд орсныхоо дараахан сэтгүүлчдийн асуултад бичгээр дэлгэрэнгүй хариулт өгсөн тухай NHK телевиз мэдээлэв. Тэрбээр 2021 онд насанд хүрсэн ёслол дээрээ гэрлэлтийн тухай асуултад "Энэ тухай ярихад эрт байна" гэж хариулсан бөгөөд энэ удаад мөн урьдын бодол хэвээрээ байгаагаа хэлээд "Хамтдаа инээж чаддаг харилцаа хамгийн гоё” гэж хариулжээ. Харин "Таны сэтгэлийг ихээр догдлуулсан хүн учирч байв уу?” гэсэн асуултад “Хэтрүүлсэн мэт сонсогдож магадгүй ч миний хувьд өнөөг хүртэл учирч уулзсан хүн бүхэн зүрх сэтгэлийг минь баясгадаг. Уулзалт болгоноос баяр баясгаланг мэдэрч, энэ бүхнээ нандигнахыг хүсдэг” гэжээ. Эзэн хааны ганц охин Айко гүнж даруу зан, эгэл жирийн төрхөөрөө олны хайрыг хүлээдэг. Тэрбээр бага сургуулиасаа эхлэн сурлагын өндөр амжилт үзүүлж, улсын хэмжээнд сурлагаараа нэгдүгээрт эрэмблэгдэж байсан бөгөөд үнэтэй чамин хувцас өмсдөггүй, мөнгөнд маш ариг гамтай ханддагаараа алдартай юм. Уламжлал ёсоор эзэн хааны суудлыг зөвхөн эрчүүд өвлөн авах боломжтой байдаг. Харин эзэн хаан Нарүхито хүүгүй тул түүний дүү, угсаа залгамжлах хунтайж Фүмихито, эсвэл түүний бага хүү Хисахито нар хаан ширээг залгамжлах болно. Гэтэл сүүлийн үед эзэн хааны сууринд Айко гүнж илүү тохирно гэсэн яриа гарах болжээ. 2019 оны “Nihon Keizai Shimbun” сониноос явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 76 хувь нь эмэгтэй хүнийг хаан ширээнд залахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл “Кyodo News” агентлагийн 2021 онд явуулсан санал асуулгаар 82 хувь нь эмэгтэй эзэн хааныг дэмжинэ гэж хариулсан байна. Харин энэ тухай сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулт өгөхөөс эелдгээр татгалзаж “Аав, ээж болон хааны гэр бүлийн бусад гишүүддээ туслах нь надад хамгаас эрхэм” гэж хариулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.